2003 онд үзэгчдэд хүрч, шуугиан тарьсан инээдмийн кино “Freaky Friday” шинэ ангитай болж, энэ удаа “Freakier Friday” нэрээр ирэх наймдугаар сарын 8-нд албан ёсны нээлтээ хийхээр болжээ.
Анхны ангид ээж ба өсвөр насны охин хоёрын оюун ухаан солигдож, нэг нэгнийхээ амьдрал, асуудлыг ойлгож эхэлснээр өөрсдийгөө болон бие биенийгээ шинээр нээдэг тухай өгүүлдэг. Шинэ ангид ч мөн ижил сэдвийг орчин үеийн өнгө аястайгаар үргэлжлүүлэн дэлгэцнээ буулгах бөгөөд өмнөх киноны гол дүрүүд болох жүжигчин Жэйми Ли Кёртис ба Линдси Лохан нар дахин хамтран тоглож байна.
Хоёр жүжигчин нэгэн радио шоунд оролцох үеэрээ “Freakier Friday”-ийн зураг авалт болон хамтын ажлынхаа тухай дурссан юм. Лохан анхны зураг авалтын үеэр Кёртисээс авсан үнэтэй зөвлөгөөг дурсан:
“Жэйми надад хэлэхдээ, ‘Зураг авалтын талбайд очих үедээ чи ямар энерги, сэтгэл зүйтэй байна, тэрийг л бусад хүн мэдэрдэг. Тиймээс эерэг, эрч хүчтэйгээр очиж, хамт олондоо зөв хандлагаар ханд’ гэсэн. Энэ бол миний хэзээ ч мартдаггүй, хамгийн хэрэгтэй зөвлөгөө.”
Энэ зөвлөгөө түүнд “Mean Girls”, “Confessions of a Teenage Drama Queen” зэрэг олон бүтээлд тоглоход тус болж байсныг Лохан онцолсон юм.
Харин Жэйми Ли Кёртис тухайн үеийн дүрийн тухайд:
“Би 37 настай байсан ч 15 настай охины дүрд ч мөн тоглох хэрэгтэй болсон. Линдсид ч мөн адил. Бид хоёул хамтдаа энэ хачин ‘ертөнц’ рүү орсон. Бидний харилцаа итгэлцэл дээр тогтсон.”
Тэд энэ удаа анх удаа дахин хамтран ажиллаж байгаа мэт харагдаж болох ч Кёртис үүнийг үгүйсгэж,
“Хүмүүс ‘Дахин уулзаж байгаа нь ямар байна?’ гэж асуудаг. Гэхдээ бид хэзээ ч холбоо тасраагүй. Бид үргэлж холбоотой байсан,” — хэмээн хэлсэн байна.
Түүнчлэн тэрээр Линдси Лоханы хүү Луай-г (2023 онд төрсөн) нэг нас хүрэхээс нь өмнө гэртээ урьж уулзсан тухайгаа дурсчээ. Лохан ч мөн жирэмсэн байх үедээ эх хүн болохын тухай Кёртисээс зөвлөгөө авсан тухайгаа “Allure” сэтгүүлийн 2023 оны зургаадугаар сарын дугаарын ярилцлагад дурдсан байдаг.