Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Гэгээн Муза-18” олон улсын театрын наадам тавдугаар сарын 16-24-нд Улаанбаатарт болж өнгөрнө. Уг наадам хоёр шаттай явагдах бөгөөд эхний шатны шалгаруулалт энэ сарын 16-22-нд нийслэлийн театрын тайзууд дээр болох юм. Харин эцсийн шат буюу улаан хивсний ёслол энэ сарын 24-нд “Корпорейт центр”-т 17:00 цагт зохион байгуулагдана.
Энэ жилийн наадмын нээлтийн үзвэрээр “Орфей” театрын бүтээл “1984” постдрамын жүжиг сонгогдсон нь онцлог үйл явдал боллоо. Английн зохиолч Жорж Оруэллийн алдарт роман дээр үндэслэн тайзнаа амилуулсан тус уран бүтээлийг тавдугаар сарын 16-нд Тусгаар тогтнолын ордонд ганцхан удаа тоглох юм.
Постдрамын төрөл жанраар бүтсэн “1984” жүжиг нь “Гэгээн Муза-18” наадмын драмын жүжгийн төрөлд нийт зургаан номинацад нэр дэвшиж, өрсөлдөж байгаа нь уг уран бүтээлийн чанар, уран сайхны түвшинг илтгэж байна. Тус жүжгийн найруулагчаар “Орфей” театрын найруулагч М.Батболд ажилласан бөгөөд тэрээр шилдэг найруулагчийн номинацид нэр дэвшжээ. Мөн тус жүжгийн тайзны зураачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар ажилласан бөгөөд шилдэг зураачийн номинацад өрсөлдөж байна.
Шилдэг хөгжмийн зохиолчийн номинацид Д.Нямхүү, Х.Цэцэн нар нэр дэвшсэн бол, гол ба туслах дүрийн бүтээлчид ч мөн наадмын гол өрсөлдөгчдийн нэг болоод буй. Тодруулбал, жүжгийн гол дүр Уинстон Смитийн дүрийг бүтээсэн Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ шилдэг эрэгтэй гол дүрийн номинацид нэр дэвшсэн. Мөн Жулиягийн дүрийг бүтээсэн Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг шилдэг эмэгтэй гол дүр, О’Брайены дүрээр тоглосон Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг шилдэг эрэгтэй туслах дүрийн номинацид тус тус нэр дэвшээд байна.
Энэхүү бүтээл нь үзэгчдийг бодолд автуулах, нийгмийн харанхуйн тухай гүн гүнзгий мессеж өгөх постдрамын шинэлэг хэлбэрийг амжилттай харуулж буйгаараа онцлогтой юм.
2 сэтгэгдэлүүд
Ийм нухацтай номыг тайзан дээр хэрхэн тааруулж байгаа нь сонирхолтой
“1984” бол өнөөдрийг хүртэл маш их хамааралтай сэдэв, наадмын нээлтэд тохиромжтой сонголт юм