Өмнөд Солонгосын нэрт жүжигчин Пак Бу-гом 2025 оны улсын аялал жуулчлалын хүндэт элчээр томилогдон, тус улсын соёл, байгаль, аялал жуулчлалыг дэлхийд сурталчлах албан ёсны төлөөлөгч боллоо.
БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам долдугаар сарын 29-нд Сөүл хотын SJ Kunsthalle-д болсон ёслолын арга хэмжээнд эл мэдээллийг албан ёсоор зарласан бөгөөд арга хэмжээний үеэр жүжигчний оролцсон хоёр төрлийн сурталчилгааны бичлэгийг олон нийтэд танилцуулсан байна.
“On My Way” нэртэй эхний бичлэгт аялалд уриалсан сэтгэл хөдөлгөм сүлд дуу эгшиглэж, жуулчдыг БНСУ-д ирэхийг урьсан бол хоёр дахь бичлэг нь уран зөгнөлт элемент бүхий, Солонгос орны байгалийн үзэсгэлэн, соёлын онцлогийг харуулсан агуулгатай байжээ.
Пак Бу-гом сурталчилгааны талаар сэтгэгдэл хуваалцахдаа:
“Солонгост ирэх онгоц бүрт ‘On My Way’ дуу эгшиглэж байгаасай гэж хүсдэг. Жуулчид манай дуунд уярч, аяллаа гайхалтай сэтгэгдлээр эхлээсэй гэж хүсэж байна” хэмээн онцолсон байна.
Түүний энэхүү шинэ албан ёсны үүрэг нь БНСУ-ын гадаад дахь имижийг сайжруулах, аялал жуулчлалыг идэвхжүүлэх чухал алхам гэж салбарынхан үзэж байна.