Шинэ лейбл, шинэ харилцаа олны анхаарлыг татав
Рэппер Dok2 дуучин Lee Hi-тэй харилцаагаа олон нийтэд ил болгож, уран бүтээлийн болон хувийн амьдралынхаа шинэ үеийг эхлүүлээд байна. Тэд хамтран “808 HI RECORDINGS” нэртэй хип-хоп, R&B чиглэлийн шинэ лейбл байгуулснаа зарлаж, өнгөрсөн сарын 28-нд анхны уран бүтээл болох You & Me синглээ гаргажээ.
Үүнтэй зэрэгцэн тэдний үерхлийн тухай яриа эрчимжиж, хосууд олны анхаарлын төвд орсон байна. Тэд анх 2016 онд MBC телевизийн Infinite Challenge нэвтрүүлгийн хип-хоп төсөл дээр танилцсан бөгөөд 2022 оны сүүлчээс илүү дотно харилцаатай болж, одоо АНУ-д хамт амьдарч байгаа гэх мэдээлэл гарчээ.
Хосуудын хамт хийсэн лайв бичлэгүүд, ижил төрлийн зүүлт, сошиал дахь дотно нийтлэлүүд нь тэдний харилцааг улам тодорхой болгосон байна. Lee Hi нэгэн нийтлэлдээ “Миний залуу Dok2-ийн төрсөн өдрийг тэмдэглэж байна” хэмээн бичихэд Dok2 түүнийг “Миний бүсгүй” гэж нэрлэн, тэвэрсэн зургаа нийтэлсэн нь тэдний харилцааг бараг баталсан үйлдэл болсон юм. Рэппер Slippy хүртэл “Суугаад өгөөч” хэмээн баяр хүргэсэн сэтгэгдэл үлдээсэн нь хип-хоп ертөнцийнхөн энэ харилцааг эергээр хүлээн авсныг харуулжээ.
Төлөгдөөгүй үнэт эдлэлийн өр дахин асуудал болов
Гэвч энэ романтик уур амьсгалтай зэрэгцэн Dok2-ийг тойрсон хуучин өрийн маргаан дахин сөхөгджээ. Munhwa Ilbo сонины энэ сарын 3-ны өдрийн мэдээлснээр, үнэт эдлэлийн компанийн талыг төлөөлж буй Okims хуулийн фирм Dok2 үнэт эдлэл болон тансаг хэрэглээний бараатай холбоотой өр төлбөрөө гурван жилийн турш бүрэн барагдуулаагүй гэж мэдэгдсэн байна.
Тус хуулийн фирмийн тайлбарт Dok2 шүүхийн эвлэрлийн шийдвэрийн дагуу өрөө гурван хуваан төлөхөөр тохирсон ч зөвхөн нэг удаагийн төлбөр хийж, үлдсэн хэсгийг төлөөгүй гэж дурджээ.
Энэ хэрэг анх 2019 онд эхэлсэн байна. Тухайн үед үнэт эдлэлийн дэлгүүрийн эзэн Dok2-ийн хуучин агентлагийг шүүхэд өгч, тэрээр ойролцоогоор 200 мянган ам.долларын үнэ бүхий үнэт эдлэл, тансаг хэрэглээний бараа авсан ч төлбөрийн тодорхой хэсгийг төлөөгүй гэж мэдүүлсэн аж. Улмаар 2022 онд шүүх нэхэмжлэгчийн талыг үндсэндээ дэмжиж, Dok2-ийг үндсэн өр болон хугацаа хэтрүүлсний алдангийг төлөх шийдвэр гаргажээ.
Мэдээллүүдээс үзвэл Dok2 өрийнхөө тодорхой хэсгийг төлсөн ч одоо хүртэл 30 мянган ам.доллар орчим үндсэн төлбөр болон алданги үлдсэн байгаа юм.
Хуулийн дараагийн алхамд анхаарал төвлөрч байна
Okims хуулийн фирмийн зүгээс Dok2 гадаадад байнга оршин сууж, санхүүгийн хүндрэл ярьсаар төлбөрөө удаашруулж байна хэмээн шүүмжилжээ. Мөн цаашид албадан гүйцэтгэх ажиллагаа явуулах, хөрөнгө битүүмжлэх зэрэг илүү хатуу арга хэмжээ авах боломжийг судалж байгаагаа мэдэгдсэн байна.
Одоогоор Dok2-ийн талаас энэ асуудалд албан ёсны хариу өгөөгүй хэвээр байна. Ийнхүү шинэ лейбл, шинэ харилцаатайгаа холбоотойгоор анхаарал татаж байсан түүний нэр дахин хуучин өрийн маргаантай холбогдож, цаашдын алхам нь олны анхаарлын төвд орлоо.