K-pop охидын RESCENE хамтлагийн гишүүн WONI-ийн энгийн ярианы дундаа хэлсэн нэг үг Өмнөд Солонгост томоохон маргаан үүсгэлээ. Энэ асуудал цахим орчноос хальж, улстөрчид хүртэл байр сууриа илэрхийлэх хэмжээнд хүрсэн байна.
Маргаан RESCENE-ийн бичлэгээс эхэлжээ
Бүх зүйл RESCENE-ийн албан ёсны сувгаар нийтлэгдсэн бичлэгээс эхэлсэн байна. Уг бичлэгт Өмнөд Солонгосын Кёнсан бүсийн Geoje хотоос гаралтай WONI япон гишүүн MINAMI-ийн гэрт зочилж буйгаар гарчээ.
Харанхуй өрөөнд орсон үеэр нэвтрүүлгийн найруулагч аймшигтай уур амьсгалтай байгааг онцолж, “Аймшигтай биш байна уу?” гэж асуусан байна. Үүнд WONI төрөлх нутгийнхаа аялгаар “Аймшигтай байна. Гэрэлтүүлэг нь өөрөө аймшигтай байна” гэсэн утгатай үг хэлжээ.
Энгийн мэт санагдсан энэ хэсэг удалгүй цахим орчинд том маргаан болж хувирсан юм.
“-no” төгсгөл нь Ilbe-ийн хэллэг үү гэж маргав
Нэгэн танигдсан баримтат киноны найруулагч олон нийтэд хандаж, WONI-ийн хэрэглэсэн “museopno” гэх хэллэгийн төгсгөл дэх “-no” авиа нь зүгээр нэг нутгийн аялга биш, харин хэт барууны үзэлтэй гэдгээрээ муу нэртэй Ilbe цахим нийгэмлэгт хэрэглэгддэг доромж хэллэг байж магадгүй гэж мэдэгджээ.
Өмнөд Солонгост Ilbe нь ерөнхийлөгч асан Roh Moo Hyun-ы эмгэнэлт үхлийг шоолохдоо стандарт солонгос өгүүлбэрийн төгсгөлд “-no” авиаг механикаар нэмдэг гэх шүүмжлэлд олон жил өртөж ирсэн бүлэг юм.
Иймээс WONI-ийн энгийн өгүүлбэрийн төгсгөл хүртэл зарим хүнд улс төрийн агуулгатай мэт санагдсан байна.
Фэнүүд WONI-г өмөөрөв
Маргаан хурцдахад фэнүүд WONI-г хамгаалж, уг буруутгал хэтэрхий алсын дүгнэлт гэж шүүмжилжээ.
Тэд “энэ бол Кёнсан бүсэд өдөр тутам хэрэглэгддэг аялгыг хэтрүүлэн тайлбарласан хэрэг” гэж үзсэн байна.
Үүний дараа уг асуудлыг анх сөхсөн баримтат киноны найруулагч өөрийн байр суурийг тодруулжээ. Тэрээр залуу дуучин уг үгийг муу санаатайгаар хэрэглэсэн гэж үзэхгүй байгаа ч ийм хэлбэрийн хэллэг залуу үеийн дунд хэвийн мэт болж байгаа нь санаа зовоож байна гэж тайлбарласан байна.
Найруулагч “Кёнсан аялгыг судалдаг хүмүүс энэ төрлийн тодорхой хэлбэр нь дүрмийн хувьд буруу гэдгийг олон удаа хэлж байсан ч залуу үеийн дунд стандарт бус ‘-no’ хэрэглээ хэвийн зүйл болж байна. Би үүнийг санаатайгаар Ilbe-ийн хэллэг болгон хэрэглэсэн гэж бодохгүй байна. Харин хэлний хэрэглээ ингэж өөрчлөгдөж байгаа нь надад санаа зовниж байна” гэжээ.
Cho Kuk аялгын ялгааг тайлбарлав
Интернэт маргаан “төрөлх нутгийн аялга уу, эсвэл санамсаргүйгээр цахим үзэн ядалтын хэллэг давтав уу” гэсэн чиглэлээр ширүүсэхэд Солонгосыг дахин босгох намын экс удирдагч Cho Kuk ч байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрээр жинхэнэ нутгийн иргэдийн хэрэглэдэг аялга болон цахим троллуудын зориудаар гажуудуулсан хэллэг хоёр ялгаатай гэдгийг тайлбарлажээ.
Cho Kuk “Ilbe-ийнхэн ерөнхийлөгч Roh Moo Hyun-ыг шоолохын тулд өгүүлбэрийн төгсгөлд ‘-no’ хэрэглэдэг нь Бусан болон Кёнсан бүсийн анхны хэрэглээтэй адил гэж ярьдаг хүмүүс байдаг. Үүний эсрэг бодит Бусан хүмүүс энэ хоёрыг хэрхэн ялгаж байгааг харна уу” хэмээн хэлсэн байна.
Тэрээр мөн Кёнсан аялгын дүрмийн ялгааг тайлбарлаж, “Миний ажигласнаар Ilbe-ийн хэллэгүүд стандарт солонгос өгүүлбэрийн төгсгөлд ‘-no’-г механикаар залгадаг” гэж онцолжээ.
Cho Kuk цааш нь “Кёнсан аялгад асуух өгүүлбэрт ‘-na’ болон ‘-no’ хоёр маш тодорхой ялгаатай хэрэглэгддэг. ‘-Na’ нь тийм эсвэл үгүй гэж хариулах энгийн асуултад хэрэглэгддэг бол ‘-no’ нь хэн, юу, хаана, яагаад гэх мэт тодорхой тайлбар шаардах асуултад хэрэглэгддэг” хэмээн тайлбарласан байна.
WONI энэ авиаг асуулт биш, өгүүлбэрийн хэлбэрээр хэрэглэсэн нь зарим хүний сэжгийг төрүүлсэн гол шалтгаан болсон гэж тайлбарлагдаж байна.
Улстөрчид “нэг үгээр хүнийг тамгалах нь буруу” гэв
Шинэчлэлийн намын удирдагч Lee Jun Seok энэ маргааныг хүчтэй шүүмжилжээ.
Тэрээр “22 настай шүтээн дуучин өөрийн нутгийн аялгаар ‘аймшигтай байна’ гэж хэлснийхээ төлөө хэт барууны үзэлтэн мэтээр тамгалагдаж байна. Хүмүүс ганцхан үгийн төгсгөлөөр хүнийг улс төрийн үзэл суртлын шалгалтад оруулах гэж оролдож байна” гэж мэдэгдсэн байна.
Мөн Ардын хүч намын гишүүн Yoon Sang Hyun уг нөхцөл байдлыг утгагүй гэж үзэж, “Интернэт дэх үзэн ядалтын бүлгийн хэллэгийг ашиглан ийм автомат, механик шошго нааж байгааг харахад цочирдмоор байна” гэж хэлжээ.
Маргааныг эхлүүлсэн найруулагч хаягаа устгажээ
Эсэргүүцэл улам нэмэгдэхэд анх WONI-ийн үгийг сэжигтэй гэж хөндсөн баримтат киноны найруулагч Kim Hyun Ji эцэст нь өөрийн олон нийтийн сүлжээний хаягаа устгасан байна.
Хаягаа устгахаас өмнө тэрээр өөрийн шүүмжлэл нь “уур хилэн бус, эргэцүүлэн бодох орон зай үлдээгээсэй” гэж хүсэж байгаагаа илэрхийлж байжээ. Гэвч түүний хэлсэн үгний дараах үр дагавар RESCENE гэх шинэхэн хамтлаг руу чиглэсэн том маргаан болон өргөжсөн байна.
RESCENE-д дэмжлэг үзүүлэх сэтгэгдэл нэмэгдэж байна
Одоогоор RESCENE-ийн албан ёсны сувгууд дэмжлэгийн сэтгэгдлээр дүүрч байна.
Олон цахим хэрэглэгч WONI болон хамтлагийн гишүүдэд сэтгэлээр унахгүй байхыг зөвлөж, энэ явдлыг үндэслэлгүй, буруу чиглэсэн “шулам ан” гэж нэрлэж байна.
Ийнхүү WONI-ийн төрөлх нутгийн аялгаар хэлсэн энгийн өгүүлбэр Өмнөд Солонгост хэл, улс төр, цахим соёл, олон нийтийн шүүлт зэрэг олон сэдвийг зэрэг хөдөлгөсөн томоохон маргаан болон хувирлаа.
