АНУ-ын Холливүүдийн алдарт “Friends” цувралын од, жүжигчин Мэттью Перриг нас барахаас нь өмнө кетамин гэх мансууруулах бодисоор хангаж байсан Калифорнийн эмч Сальвадор Пласенсиа гэм буруугаа хүлээн зөвшөөрөхөөр болжээ. Холбогдох мэдүүлгийг Холбооны прокурорууд өчигдөр (Даваа гарагт) мэдээллээ.
Доктор Пласенсиа кетамин тараасан гэх дөрвөн зүйл ангиар буруутгагдаж байгаа бөгөөд хэрвээ шүүх түүний буруутайг эцэслэн тогтоовол хамгийн ихдээ 40 жилийн хорих ял авах боломжтой. Тэрээр тун удахгүй шүүхийн өмнө очиж, өөрийн бурууг хүлээн зөвшөөрөх төлөвтэй байна.
2023 оны аравдугаар сард 54 настай жүжигчин Мэттью Перри Лос-Анжелес дахь гэрийнхээ халуун усны онгоцонд нас барсан нь дэлхий даяарх фэнүүдийг цочирдуулсан юм. Сэтгэлийн хямрал, донтох эмгэгийн талаар тэрээр ил тод ярьдаг байсан ч түүний үхэл олон нийтийн хувьд гэнэтийн зүйл байв.
Прокуроруудын мэдэгдсэнээр, Пласенсиа нь жүжигчний гэр болон Лонг Бичийн далайн амьтны хүрээлэнгийн зогсоол дээр Перрид шууд кетамин тарьдаг байсан аж. Түүнчлэн Перригийн туслахад (одоогоор хам хэрэгтнээр татагдаад буй) уг эмийг хэрхэн хэрэглэхийг зааж өгч, нөөцөнд хадгалах кетамины нэмэлт тунг худалдан зардаг байжээ.
Прокуроруудын мэдээлснээр Пласенсиа нь Перрид кетамины хууль ёсны тунгаас давсан хэмжээгээр олгох “нууц сүлжээний” таван гишүүний нэг бөгөөд энэ сүлжээний гишүүд эмч, наймаачдын хамтын ажиллагаатай байжээ.
2023 оны есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 12-ны хооронд Пласенсиа жүжигчин Перри болон түүний туслахад нийтдээ 100 мг/мл концентраци бүхий 5 мл-ийн 20 шил кетамин, бага хэмжээний кетамины шахмал, мөн тариур нийлүүлсэн гэж прокурорууд мэдэгдэв.
Шинээр ил болсон бичиг баримтаас харахад өөр нэгэн хэргийг хүлээн зөвшөөрсөн эмч Марк Чавезтай хийсэн зурвас солилцоонд Пласенсиа Перриг “тэнэг” гэж нэрлээд, “энэ хүн энэ бодист хэр хэмжээний мөнгө төлөх бол?” гэж хэлсэн байна.
Одоогоор доктор Пласенсиагийн өмгөөлөгчид ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.