Ням, 10 сар 18, 2026
Нүүр хуудас Фешн ба стиль“Mister Global 2026”-ын титмийг Туркийн загвар өмсөгч Дилхан Диврикли хүртлээ

“Mister Global 2026”-ын титмийг Туркийн загвар өмсөгч Дилхан Диврикли хүртлээ

0 сэтгэгдэлүүд

Туркийг төлөөлөн оролцсон загвар өмсөгч Дилхан Диврикли Тайландад болсон “Mister Global 2026” олон улсын эрэгтэйчүүдийн гоо сайхны тэмцээнд түрүүлж, энэ жилийн тэргүүн титмийн эзэн болжээ.

Тэмцээн аравдугаар сарын 10-нд зохион байгуулагдсан бөгөөд Д.Диврикли Нигери, Филиппиний төлөөлөгчдийн хамт шилдэг гуравт шалгарсны дараа шүүгчдийн эцсийн үнэлгээгээр ялагчаар тодорсон байна.

Шилдэг гурвын өрсөлдөөнд Туркийн төлөөлөгч тэргүүлэв

“Mister Global 2026”-ын эцсийн шат Тайландын нийслэл Бангкокийн хойд хэсэгт байрлах Нонтхабури хотын “MCC Hall” танхимд болжээ. Дэлхийн олон орны оролцогчид гоо сайхан, тайзны үзүүлбэр, авьяас чадвар болон өөрсдийн онцлог байдлаараа өрсөлдсөн байна.

Эцсийн шалгаруулалтад Турк, Нигери, Филиппиний төлөөлөгчид үлдсэн бөгөөд шүүгчдийн шийдвэрээр Дилхан Диврикли тэргүүн байр эзэлжээ.

Оролцогчид финалын өмнө 10 орчим хоногийн тусгай бэлтгэл хөтөлбөрт хамрагдсан байна. Энэ хугацаанд тэд төрөл бүрийн арга хэмжээ, танилцуулга, үнэлгээний шатанд оролцож, шүүгчдийн өмнө өөрсдийн ур чадвар, тайзны бэлтгэлээ харуулжээ.

“Mister Global” тэмцээн 2014 оноос хойш Тайландад зохион байгуулагдаж байгаа бөгөөд олон улсын эрэгтэйчүүдийн гоо сайхны нэр хүндтэй уралдаануудын нэгт тооцогддог.

Д.Диврикли өмнө нь Туркт болсон загварын хэд хэдэн тэмцээнээс шагнал хүртэж байсан туршлагатай аж. Түүний гэр бүл Туркийн Афьонкарахисар мужийн Эмирдаг дүүргээс гаралтай бөгөөд тэрээр одоогоор Бельгийн нийслэл Брюссель хотод амьдардаг байна.

Мөн Д.Диврикли дөрвөн хэлээр ярьдаг бөгөөд загвар өмсөхөөс гадна жүжиглэх сонирхолтой гэнэ. Цаашид жүжигчний чиглэлээр мэргэжлийн карьераа хөгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

“Mister Global 2026” тэмцээнд түрүүлсэн нь түүнд олон улсын тавцанд илүү өргөн хүрээнд танигдах, загвар болон энтертайнмент салбар дахь үйл ажиллагаагаа тэлэх шинэ боломж нээж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх