Их Британийн поп дуучин Jessie J өөрийн нийгмийн сүлжээний хуудсаар дамжуулан хөхний хорт хавдрын эсрэг мэс засалд орж, үр дүнгээ хүлээн гэртээ амарч тэнхэрч байгаа талаар даваа гарагт мэдэгджээ.
“Price Tag”, “Bang Bang”, “Flashlight” зэрэг хит дуугаа гаргаж, олон нийтийн танил болсон 37 настай дуучин Jessie J өөрийн мэдэгдэлдээ ерөнхий эмч, мэс засалчид болон сувилагч нарт талархал илэрхийлж, эмнэлэгт байх хугацаандаа авсан гэрэл зургууд болон дүрс бичлэгүүдийг хуваалцсан байна.
Тэрээр мөн өөрийн хүнд хэцүү цаг үед түүнтэй хамт байж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн бүхэнд баярлаж, талархал илэрхийлжээ.
Дуучин Jessie J энэ сарын эхээр хөхний хорт хавдраар өвчилсөн оношоо илчилж, эрт илэрсэн нь сайн талтай гэж мэдэгджээ. Тэрээр өөрийн туулж байгаа туршлагаасаа хуваалцсан бөгөөд дуу хөгжмийн болон урлаг соёлын салбарын олон уран бүтээлчид нь өргөн дэмжлэг үзүүлсэн юм.
Дуучны даваа гарагийн мэдэгдлийн дараа түүний сонсогчид, шүтэн бишрэгчид болон салбарын олон уран бүтээлчид түргэн эдгэрэхийг хүссэн мессежүүдээ илгээсэн байна.
Jessie J мэс засалд орохоосоо өмнө Лондон хотын Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд зохиогдсон Capital радиогийн «Summertime Ball» хөгжмийн фестивальд оролцож, 7 дуутай бяцхан тоглолт үзүүлсэн юм.