Америкийн алдарт реп дуучин Кёртис Жеймс Жексон III буюу 50 Cent энэ жил 50 насны ойтойгоо золгож байна. Нью-Йоркийн буурай дүүрэгт 1975 онд мэндэлсэн тэрбээр амаргүй бага насыг туулжээ. Ээж нь түүнийг 15 настайдаа төрүүлсэн бөгөөд хар тамхины наймаагаар амьдралаа залгуулдаг байв.
Харамсалтай нь, 50 Cent найман настай байхдаа ээжийгээ хар тамхины хордлогоор алдсан бөгөөд түүнээс хойш хамаатнуудынхаа ивээлд өсчээ. Гэвч амьдралын хатуу нөхцөл байдал түүнийг ч мөн адил хар тамхины наймаанд татан оролцуулсан бөгөөд 19 настайдаа анх удаа шоронд хоригдсон байна. Ял эдэлж байх хугацаандаа тэр уран бүтээл туурвих эхлэлээ тавьж, суллагдсаны дараа найзынхаа байрны хонгилд дуу зохиож эхэлсэн нь хөгжмийн ертөнцөд хөл тавих эхлэл болжээ.
Түүний анхны бүтээлүүд продюсер Jam Master Jay-ийн анхаарлыг татсан бөгөөд 1999 онд Columbia Records-той гэрээ байгуулсан ч удалгүй халдлагад өртөж, гар, хөл, цээж, хүзүүндээ нийт есөн удаа буудуулж амь насаа алдахад хүрч байв. “Есөн удаа буудуулсны дараа би амьд үлдэхийн утга учрыг бодож эхэлсэн. Хэрэв сум хэдхэн см дээгүүр туссан бол би амьд гарахгүй байх байсан” хэмээн хожим намтартаа бичсэн байдаг.
Биеэ сэргээх хугацаа урт байсан тул Columbia Records түүнийг хүлээхээс татгалзаж гэрээгээ цуцалсан. Энэ үед түүний авьяасыг Eminem болон Dr. Dre хоёр анзаарч, дэмжин ажилласан нь түүнийг дахин хөл дээр нь босгоход гол үүрэг гүйцэтгэсэн юм.
2005 онд “Get Rich or Die Tryin’” нэртэй кино дэлгэцнээ гарсан нь бараг л 50 Cent-ийн амьдралыг өгүүлсэн намтар кино байсан бөгөөд тэр өөрөө гол дүрийг бүтээсэн. Үүнээс хойш тэр олон кинонд тоглож, урлагийн салбарын олон талт уран бүтээлчийн нэг болсон.
50 Cent бизнесийн салбарт ч амжилттай ажилласан. 2007 онд Coca-Cola компани эрүүл мэндийн ундаа үйлдвэрлэгч Glacéau-ийг худалдан авахад, хувьцаа эзэмшигч байсан 50 Cent нэг дор 100 сая ам.долларын ашиг хүртжээ. Харин 2015 онд тэрээр 36 сая ам.долларын өртэйгөөр дампуурлаа зарласан ч хоёр жилийн дараа бүх өрөө барагдуулж чадсан юм.
Тэрээр гурван хүүхдийн аав бөгөөд хүүхдүүдийнх нь ээжүүд бүгд өөр өөр эмэгтэйчүүд байдаг.