2025 оны долоодугаар сарын 31-ний өдөр Английн Бирмингем хотод “Black Sabbath” хамтлагийн домогт дуучин, “Харанхуйн хунтайж” хэмээгддэг Оззи Осборны дурсгалыг хүндэтгэхээр олон мянган хүн цугларлаа. Түүний шарилыг тээвэрлэсэн машин төрж өссөн хотоор нь дамжин өнгөрөх үеэр гудамж талбай хүмүүсээр дүүрч, “Оззи, Оззи, Оззи, ой, ой, ой” хэмээх хашгираан эгшиглэж байв.
Оззи Осборн 2025 оны долоодугаар сарын 22-нд 76 насандаа таалал төгссөн бөгөөд түүний биеийн байдал Паркинсоны онош авснаас хойш сүүлийн жилүүдэд муудаад байсан юм. Тэрбээр сүүлчийн тоглолтоо хийснээс хэдхэн долоо хоногийн дараа хорвоог орхисон билээ.
Осборн өмнө нь оршуулга нь гунигтай биш, баярын өнгө аястай байгаасай хэмээн хүсэн ярьж байсан нь энэ өдөр бодитоор биеллээ олсон юм. 16 настай шүтэн бишрэгч Фан Рийс Саржант «Оззи болон Black Sabbath-ийнхан Бирмингемийг дэлхийн газрын зурагт оруулсан. Энд ирж, түүнийг хүндэтгэх нь надад маш чухал» хэмээн сэтгэгдлээ хуваалцсан бол түүний адил олон нас, насны шүтэн бишрэгчид энэ өдөр цугласан байв.
Олон жилийн үнэнч шүтэн бишрэгч Энтони Хант энэ өдрийг «сэтгэл хөдөлгөм» хэмээн тодорхойлж, олон төрлийн насны хүмүүс нэгэн дор цугласан нь гайхалтай сэтгэгдэл төрүүлж буйг онцолжээ.
Бирмингем хотын дарга Зафар Икбал “Оззи бол зөвхөн хөгжмийн домог төдийгүй Бирмингемийн хүү, манай хотын бахархал” хэмээн магтсан бол 58 настай галт тэрэгний жолооч Грэм Краучер “Тэр миний амьдралын хөг эгшиг байсан. Үнэмлэхүй домог” гэж дурссан юм.
Хүнд метал хөгжмийг дэлхийд түгээсэн “Black Sabbath” хамтлаг 1970-80-аад онд оргил үеэ туулж, 75 сая гаруй цомог борлуулсан түүхтэй. Энэ оны зургадугаар сард хамтлагийн бүх гишүүдэд Бирмингем хотын “Freedom of the City” шагнал гардуулж, хотын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлсэн билээ.
Тэд долоодугаар сарын эхээр 42,000 шүтэн бишрэгч цуглуулсан сүүлчийн тоглолтоо Бирмингем хотод хийж, Оззи Осборныг “Харанхуйн хунтайж”-ийн хувьд хар сэнтийд сүүлчийн удаа залаад байсан юм.
