Америкийн алдарт поп дуучин Жастин Тимберлэйк 44 насандаа Лаймын өвчнөөр оношлогдсон тухайгаа өөрийн Инстаграм хуудсаар дамжуулан нийтэд хуваалцлаа. Тэрбээр энэхүү онош нь өөрт нь «шок» өгсөн хэмээн тодотгож, сүүлийн аялан тоглолтынхаа туршид уг өвчинтэй хэрхэн тэмцэж байснаа ярьжээ.
Лаймын өвчин нь хачгаар дамждаг халдварт өвчин бөгөөд хүний биед орсноор эрч хүчгүй болох, удаан хугацааны ядрал зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Тимберлэйкийн хувьд энэ онош аялан тоглолт эхлэхээс өмнө тавигдсан ч тэр төлөвлөгөөгөө өөрчлөлгүйгээр аялан тоглолтоо үргэлжлүүлсэн байна.
“Та бүхний мэдэж байгаачлан би бол нэлээд хаалттай хүн. Гэхдээ аялан тоглолттойгоо холбоотойгоор надад юу тохиолдсоныг би та бүхэнтэй хуваалцмаар байна. Аялан тоглолтын турш би олон зүйлтэй тэмцэж байсны нэг нь Лаймын өвчин. Би энэ талаар өмнө нь ил яриагүй болохоор та бүхнийг гомдоох зүйлс хийсэн байж болзошгүй. Хэрвээ та энэ өвчнөөр өвдөж байсан, эсвэл өвдсөн хэн нэгнийг мэддэг бол бие махбод болон сэтгэл санааг ямар их туйлдуулдаг болохыг мэдэж байгаа” гэж Тимберлэйк мэдэгджээ.
АНУ-ын Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төв-өөс мэдээлснээр уг өвчнийг эхний шатанд антибиотикоор бүрэн эмчлэх боломжтой байдаг. Харин онош тавигдахад хэтэрхий оройтсон тохиолдолд мэдрэлийн тогтолцоо болон үе мөчинд хор уршиг үлдэх эрсдэлтэй.
Лаймын өвчнөөр өмнө нь Жастин Бибер, Аврил Лавин, Шаниа Твэйн зэрэг нэрт дуучид ч өвчилж байжээ.
Тимберлэйкийн сүүлд хийсэн аялан тоглолт нь 2024 оны 4-р сард эхэлж, өнгөрсөн Лхагва гарагт Турк улсад дууссан бөгөөд түүний тайзан дээрх ааш авир зарим шүүмжлэл дагуулсан билээ.
Сүүлийн жилүүдэд дуучны амьдрал ээдрээтэй байсан. 2024 оны 9-р сард тэр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэрэгт холбогдсон бол Бритни Спирстэй холбоотой өнгөрсөн харилцааны талаарх баримтууд ч олон нийтэд дэлгэгдсэн юм.
NSYNC хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн Тимберлэйк бие даасан уран бүтээлээрээ Грэммийн 10 шагнал хүртсэн бөгөөд түүний альбомууд бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай бүтээлүүдийн нэгт тооцогддог.
Өдгөө тэр жүжигчин Жессика Билтэй гэр бүл болсон бөгөөд цаашид өвчнийхөө талаар ил тод хуваалцах болно гэдгээ мэдэгдсэн байна.