Америкийн трэш металл хөгжмийн домогт хамтлаг “Megadeth” удахгүй шинэ цомгоо гаргах бөгөөд энэ нь тэдний сүүлчийн цомог болохыг мэдэгдлээ. Мөн хамтлаг 2026 онд хамгийн сүүлчийн аялан тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа талаар мэдээлсэн байна.
Хамтлагийн мэдэгдэлд “Урлагийн карьераа санамсаргүй эсвэл зориуд төгсгөдөг олон хөгжимчид байдаг. Тэдний олонх нь оргил үедээ, өөрийн нөхцөлөөр төгсөж чаддаггүй. Харин би яг одоо амьдралынхаа тэр мөчид ирээд байна. Би дэлхийгээр тойрон аялж, хэдэн сая шүтэн бишрэгчтэй болсон. Харин энэ бүгдээс хамгийн хэцүү нь та бүхэндээ салах ёс гүйцэтгэх явдал” гэж бичсэн байв.
Хамтлагийн үүсгэн байгуулагч, гол дуучин Дэвид Мастэйн пүрэв гарагт мэдэгдэл гаргахдаа сүүлчийн цомог болон аялан тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байна.
Тэрбээр “Битгий уурлаж, гуниглаарай. Бидний төлөө жаргалтай байж, ирэх жилүүдийн төлөө баяр тэмдэглээрэй. Бид хамтдаа маш гайхамшигтай зүйлсийг бүтээсэн. Бид хөгжмийн урсгалыг өөрчилж, хувьсгал үүсгэсэн, гитар хэрхэн тоглогддогийг өөрчилсөн. Дэлхийг өөрчилсөн. Миний нэгдэж, хөгжмөө тоглож байсан хамтлагууд дэлхийд нөлөөлсөн. Та бүхэндээ чин сэтгэлээсээ хайртай. Баярлалаа, бүгдэд нь” хэмээн сэтгэл хөдлөм үгсийг хэлсэн байна.
“Metallica” хамтлагаас хөөгдсөнийхөө дараа, 1983 онд Дэйв Мастэйн “Megadeth” хамтлагийг үүсгэн байгуулсан бөгөөд тэд анхны цомгоо “Killing Is My Business… and Business Is Good!” нэртэйгээр 1985 онд гаргаж байжээ.