Хачирхалтай хэрэг олныг цочроов
АНУ-ын Лос-Анжелес хотод энэ сарын 8-нд дуучин D4vd-ын нэр дээр бүртгэлтэй “Tesla” машины багаажнаас 2024 оны дөрөвдүгээр сараас сураггүй байсан 15 настай Celeste Rivas охины цогцос ялзарсан байдалтай олдсон нь олныг цочроолоо. Машины зогсоолоос өмхий үнэр үнэртэж байна гэсэн дуудлагын дагуу цагдаа шалгахад ийнхүү охины цогцос илэрсэн байна.
Celeste Rivas 2010 оны есдүгээр сарын 8-нд төрсөн бөгөөд цогцос олдох үедээ дөнгөж 15 нас хүрээд байжээ. Түүнийг алга болох үед 13 настай байсан бөгөөд баруун гарынхаа долоовор хуруунд “Shsss” гэсэн шивээстэй байсан нь биеийг таних гол нотолгоо болсон байна.
Дуучинтай холбоотой давхцлууд
Охины баруун гарын шивээсийг D4vd өөрийн гар дээр мөн ижил шивээс хийлгэсэн байсан нь олны анхаарлыг татав. Үүнээс гадна D4vd охины нэртэй ижил “Celeste” нэртэй дуу гаргасан ч олон нийтэд хараахан цацагдаагүй байсан аж. Түүнчлэн 2022 оны есдүгээр сарын 8-нд буюу охины төрсөн өдөр “Romantic Homicide” нэртэй дуугаа гаргасан бөгөөд уг дууны үг нь ч хэргийн сэжүүртэй мэт таарч байгаа талаар сошиал орчинд хүмүүс шуугилдаж байна.
Интернет хэрэглэгчид уг дууг “нүглээ хүлээсэн наминчлал”, “ирээдүйг зөгнөсөн заналхийлэл” гэж тайлбарлаж буй бол зарим нь D4vd-ыг “жинхэнэ сэтгэцийн асуудалтай хүн” хэмээн нэрлэжээ.
Хоорондын харилцаа тодорхойгүй
D4vd болон Celeste хоёрын хоорондын холбоо одоогоор тодорхойгүй хэвээр байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр тэд хоёр жилийн өмнө Discord-оор танилцсан байж болзошгүй гэжээ. Охины ээжийн мэдэгдсэнээр “Celeste алга болохоосоо өмнө David нэртэй залуутай үерхэж байгаа гэж хэлж байсан” байна.
Celeste өмнө нь гэрээсээ хэд хэдэн удаа зугтаж байсан бөгөөд D4vd-д дурласан учраас үргэлж түүн рүү очдог байсан байж болзошгүй гэх таамаг ч дэвшүүлэгдэж байна.
Цагдаагийн мөрдөн шалгалт үргэлжилж байна
Охиныг сураггүй болсны дараа бүтэн жил хагасын турш хайсан ч олдоогүй бөгөөд цогцсыг олсны дараа ээж нь таньжээ. Гэхдээ зарим хүмүүс “Ээж нь охиноо хаана байгааг мэдэж байсан ч мөнгөөр амаа үдүүлсэн байж болох уу?” гэх хардлагыг дэвшүүлж байгаа юм.
D4vd энэ сард аялан тоглолт хийж байсан бөгөөд хэрэг ил болсны дараа есдүгээр сарын 17-нд Сиаттл хотод хийх байсан тоглолтоо цуцалжээ. Цагдаа нар дуучны Лос-Анжелес дахь гэрийг шалгаж эхэлсэн ч охиныг хэрхэн нас барсан нь хараахан тогтоогдоогүй байна.
Одоогоор энэ хэргийг санаатай аллага гэж ангилаагүй бөгөөд D4vd-ыг баривчлаагүй байгаа аж. Харин “Celeste охин алга болсон хугацаанд хаана байсан бэ?”, “D4vd болон охин үнэндээ ямар холбоотой байсан бэ?” зэрэг олон асуултын хариуг олохын тулд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.