Рианна ба A$AP Rocky нар дахин эцэг, эх боллоо
Алдарт дуучин Рианна болон түүний нөхөр, реппер A$AP Rocky нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авч, гэр бүл нь нэгэн шинэ гишүүнээр бүл нэмлээ. Хосууд энэ удаа охинтой болсон бөгөөд түүнийг “Роки Айриш” хэмээн нэрлэсэн талаар Рианна өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлсэн байна.
Охин есдүгээр сарын 13-ны өдөр төрсөн ч хосууд энэхүү баярт мэдээгээ хоёр долоо хоногийн дараа олон нийтэд ил болгожээ. Рианна охиныхоо анхны зургийг фэнүүдтэйгээ хуваалцаж, хайртай охиндоо өгсөн нэрээ ч дагагчиддаа дуулгасан нь сошиал орчинд хоромхон зуурт тархаж, шүтэн бишрэгчдийнх нь халуун баяр хүргэсэн сэтгэгдлээр дүүрч байна.
Уламжлалт “улаан хивсний” зар
Рианнагийн жирэмслэлтүүд үргэлж олны анхаарлыг татдаг бөгөөд энэ удаа ч мөн адил улаан хивсний ёслолд оролцох үеэрээ бие давхар гэдгээ харуулан жирэмслэлтийнхээ талаарх мэдээллийг албан бусаар зарласан. Тэрбээр өмнөх жирэмслэлтүүдийнхээ нэгэн адил олон нийтийн сүлжээнд жирэмсэн зургаа тогтмол нийтэлж, өөрийн амьдралын шинэ шатны түүхийг шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцсан хэвээр байна.
Рианна болон A$AP Rocky нарын гурав дахь хүүхдийн тухай мэдээ нь зөвхөн хөгжмийн ертөнцөд төдийгүй олон нийтийн анхаарлын төвд байгаа халуун сэдвүүдийн нэг болоод байна. Охиных нь нэр, төрсөн өдөр, анхны зургийг нийтэлсэн нь фэнүүдийнх нь хувьд онцгой бэлэг болжээ.
