АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт “Truth Social”-ийн хуудсандаа “АНУ-аас өөр оронд үйлдвэрлэсэн бүх кинонд 100 хувийн татвар ногдуулна” гэж мэдэгдэв. Гэхдээ тэрээр уг татварыг хэзээ, ямар байдлаар хэрэгжүүлэх тухай нарийн мэдээлэл өгөөгүй байна. Хэрэв энэ бодлого албан ёсоор хэрэгжвэл, бараанд бус үйлчилгээ буюу кино үйлдвэрлэлд татвар ногдуулсан АНУ-ын түүхэн дэх анхны тохиолдол болох аж.
Хуучин мэдэгдлээ баталлаа
Трамп энэ санаагаа анх тавдугаар сард дэвшүүлж байсан. Тухайн үед тэрээр олон улс кино бүтээгчдийг татахын тулд татварын хөнгөлөлт олгодог тул АНУ өөрийн кино үйлдвэрлэлийг хамгаалахын тулд ийм алхам хийх хэрэгтэй гэж тайлбарлаж байв.
Энэхүү мэдэгдэл тухайн үед Холливудын салбарыг ихээхэн цочирдуулсан. Кино урлагийн нэгэн эх сурвалж CNN-д ярилцахдаа:
“Анх сонсоход цочирдом мэдээ байсан. Энэ нь кино үйлдвэрлэлийг бараг бүрэн зогсоохтой адил зүйл болно” гэж онцолж байв.
Кино салбар дахь байр суурь
Америкийн уран бүтээлчид ерөнхийдөө гэр орондоо ойр ажиллахыг илүүд үздэг. Гэсэн ч “United Talent Agency”-ийн дэд дарга Жэй Шурсын хэлснээр, “Холливудын студиуд эх орондоо кино бүтээж татвар төлснөөс бүх багийг гадаад руу явуулж, зочид буудлын зардлыг төлөх нь хамаагүй хямд тусдаг. Учир нь гадаадад кино хийх өртөг хавьгүй бага байдаг” гэжээ.
Трампын мэдэгдлийн дараа даваа гаргийн өглөө “Netflix”-ийн хувьцаа 1%-иар унасан бол AMC болон “The Walt Disney” зэрэг кинотой холбоотой зарим компанийн хувьцаа өссөн байна.