Аймшгийн хаан Холливудад одтой боллоо
Энэ жилийн Хэллоуин урьд урьдаас илүү сэтгэл хөдөлгөм, хөгжилтэй өнгөрөв. Зарим хүмүүс гэртээ аймшгийн кино үзэн зугаацаж байхад, нөгөөдүүл нь гудамжинд зохиогдсон шоу, уралдаанд оролцож баярын уур амьсгалыг бүрдүүлжээ. Холливудын одод хүртэл “хэний хувиралт хамгийн айдас төрүүлэм байх вэ” гэсэн мэт уралдан сүрдмээр дүр төрхөө харуулсан байна.
Алдрын гудамжинд шинэ од нэмэгдлээ
Харин энэ баярын хамгийн онцлох мөч бол “Аймшгийн баярыг өөрийн гараар бүтээсэн” хэмээн нэрлэгдэх эрхэм Холливудын Алдрын гудамжинд өөрийн нэрийн одтой болсонд оршив. Тэр хүн бол биднийг бага наснаас минь хойш нойргүй болгож ирсэн домогт дүр — Фредди Крюгер юм. Ёслолын үеэр жүжигчин Фреддигийн алдарт бээлий гартаа барин гарч ирсэн нь арга хэмжээг илүү тод, дурсамжтай болгосон байна.
Домог болсон жүжигчин Роберт Инглунд
Фредди Крюгерийн дүрийг бүтээсэн жүжигчин Роберт Инглунд өнөөдөр 78 настай. Тэр Швед гаралтай бөгөөд “Аймшгийн киноны холбоо”-ны The Life Career Award шагналын эзэн юм. 1984 онд гарсан “A Nightmare on Elm Street” кино түүнийг дэлхийн хэмжээний алдарт хүргэсэн билээ. Инглунд нь аймшгийн найман кинонд нэг дүрийг бүтээсэн цорын ганц жүжигчин гэдгээрээ түүхэнд үлдсэн юм.
