Улаан хивсний үдэш Холливудад
Жил бүр болдог Governors Awards ёслол энэ жил ч Холливудад үнэн утгаараа загварын том шоу болж өндөрлөлөө. Кино урлагийн шилдгүүдийг алдаршуулдаг энэ үдэш улаан хивсний төрх, кутюр даашинз, тансаг аксесуарын парад болсон гэхэд хилсдэхгүй. Дизайнеруудын өрсөлдөөн, оддын хувийн стиль нэг шөнөдөөр тод харагдав.
Dior, Valentino, Louis Vuitton: том орднуудын тулаан
Энэ жилийн улаан хивсний хамгийн их давтагдсан нэр бол Dior байлаа. Ариана Гранде, Миа Гот, Натали Портман, Женнифер Лоуренс нар Dior-ын өөр өөр силуэт, кроетой загваруудыг сонгож, нэг брэнд хэрхэн өөр өнгө төрхийн дөрвөн тэс өөр эмэгтэйг илэрхийлж чадахыг харуулсан.
Дакота Жонсон Valentino-гийн романтик, уян зөөлөн хийцтэй даашинзаар тайвширсан, эмэгтэйлэг дүрээ тодотгов. Харин Эмма Стоун Louis Vuitton-ы сонгодог хэр нь орчин үеийн элементтэй загварыг сонгож, брэндийн нүүр царай гэдгээ дахин сануулсан төрхтэй гарч ирлээ.
Урлаглаг, авангард сонголтууд
Аня Тейлор-Жой Maison Margiela Couture-ын урлаглаг, туршилтын шийдэлтэй даашинзаар үзэгчдийг алмайруулав. Түүний хувцас нь жирийн улаан хивсний даашинз бус, театрчилсан, бараг инсталляци мэт сэтгэгдэл төрүүлсэн. Кристен Стюарт Rodarte-ын бүтээлээр уламжлалт улаан хивсний дүрмийг эвдсэн, бага зэрэг рок, бага зэрэг готик өнгө аястай авангард төрхийг бүрдүүлжээ.
Хүчирхэг эмэгтэй дүрүүд
Женнифер Лопес Tamara Ralph-ын биеийн шугамыг тодотгосон, баримал мэт суулттай даашинзаар хүчирхэг, өөртөө итгэлтэй эмэгтэйн дүрийг бэхжүүлэв. Түүний төрх шөнийн хамгийн их яригдсан хувцаслалтуудын нэг болов. Сидни Суини Miu Miu-гийн залуу, тоглоомтой элементүүдтэй, ретро мэдрэмжтэй загварыг сонгож, өөрийн феминин, жаахан кокет имижийг төгс илэрхийллээ.
Governors Awards энэ жил кино урлагийн шагнал гардуулах ёслол гэхээсээ илүү, загварын чиг хандлага, брэндүүдийн хүчийг зэрэг харуулсан улаан хивсний томоохон индэр болсон нь эргэлзээгүй юм.








