Ким Кардашъяныг олон хүн реалити шоуны од, сошиал медиагийн нөлөөлөгч гэдгээр нь мэддэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд тэр жинхэнэ бизнесийн магнат болж хувирч байна. Түүний 2019 онд байгуулсан дотуур хувцас, хувцас загварын “Skims” брэнд өнгөрсөн долоо хоногт шинэ хөрөнгө оруулалт татсанаар үнэлгээгээ 5 тэрбум ам.долларт хүргэж, дэлхийн хамгийн үнэ цэнтэй хувийн хувцасны компаниудын нэгэнд тооцогдох боллоо. Шинэ раундаар нийт 225 сая ам.долларын хөрөнгө оруулалт босгосон нь Кимийн хувийн хөрөнгийг дангаар нь 200 сая ам.доллараар нэмэгдүүлжээ.
Реалити шоуны одоос тэрбумтан бизнес эрхлэгч хүртэл
“Forbes” сэтгүүлийн тооцоогоор Ким Кардашъяны нийт хөрөнгө 1.9 тэрбум ам.долларт хүрээд байна. Зөвхөн зургаан жилийн өмнө, 2019 онд “Skims” анх байгуулагдахдаа зөвхөн онлайнаар худалдаа хийдэг, тодорхой зорилтот бүлэг рүү чиглэсэн жижиг брэнд байв. Харин өнөөдөр тус компани АНУ, Мексикт нийт 20 салбар дэлгүүртэй, цахим худалдаа, физик байрлал хосолсон томоохон тоглогч болж хувирчээ.
Брэндийн өсөлтийн дараагийн алхам нь салбар дэлгүүрийн тоог эрс нэмэгдүүлж, олон улсын зах зээлд илүү идэвхтэй нэвтрэх явдал гэж компанийн зүгээс онцолдог. Энэ удаагийн хөрөнгө оруулалтын ихэнх хэсэг ч дэлгүүрийн тоо, нөлөөллийг тэлэхэд зориулагдах аж.
Дотуур хувцаснаас эхэлсэн брэнд хэрхэн “толгой дараалан” загварын бизнес болсон бэ?
“Skims” анх биеийн галбир засах дотуур хувцсаар алдартай болсон. Хэсэг хугацааны дотор бүтээгдэхүүний шугамаа тогтвортой өргөтгөж, өдөр тутмын даашинз, спорт, дасгалын хувцас, цаашлаад хүрэм, эрэгтэй хувцас хүртэл гаргаж эхэлсэн нь брэндийг зөвхөн “shape wear” компанийн хүрээнээс гаргаж, бүхэл бүтэн амьдралын хэв маягийг илэрхийлсэн загварын брэндийн түвшинд авчирсан.
Ким Кардашъян өөрөө “Skims” брэндийн хамтран үүсгэн байгуулагч, бүтээлч захирлаар ажилладаг бөгөөд брэндийн имиж, бүтээгдэхүүн, маркетингийн шийдэл шууд түүний нэр, царай, амьдралын хэв маягтай холбогддог.
Тэр өөрөө брэндийнхээ талаар:
“Бид салбартаа шинэ инновацийг нэвтрүүлэгч хэвээр байж, шинэ стандарт, босгыг тогтоох энэ аяллын дараагийн шат руу Skims-ийг ахиулахыг тэсэн ядан хүлээж байна. Брэндийнхээ бүтээлч захирлын хувьд бүх дизайн, сурталчилгаа, кампанит ажлыг өөрөө гардан хийдэг. Энэ бол миний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг.”
хэмээн онцолжээ.
Хөрөнгө оруулалтын түүх ба Nike-тай хамтын ажиллагаа
“Skims” 2023 онд өмнөх томоохон хөрөнгө оруулалтын раундаа хаахдаа брэндийн үнэлгээгээ 4 тэрбум ам.долларт хүргээд байсан. Түүнээс хойших богино хугацаанд үнэлгээгээ дахин 1 тэрбум ам.доллараар өсгөсөн нь компанийн тасралтгүй өсөлт, зах зээл дэх байр сууриа баталгаажуулж буйг харуулж байна.
Энэ оны хоёрдугаар сард брэнд спортын аварга тоглогч “Nike”-тай хамтран “NikeSkims” нэртэй эмэгтэйчүүдийн дасгалын хувцасны тусгай цуглуулгыг танилцуулсан. Уг коллабораци нь бодибилдинг, фитнес, гудамжны загварыг нэгтгэсэн, спортын чиглэлийн өндөр эрэлттэй бүтээгдэхүүн болж салбартаа багагүй шуугиан тариад байна. Ойрын өдрүүдэд “Skims” оймс, дасгалын бээлий, бүс зэрэг шинэ бүтээгдэхүүнээ танилцуулахаар төлөвлөж байгаа нь спорт, амралтын хувцасны сегментэд илүү гүнзгий нэвтрэх стратегийн нэг хэсэг юм.
Санхүүгийн өсөлт
Компанийн удирдлагын урьдчилсан тооцооллоор “Skims”-ийн жилийн цэвэр ашиг энэ жил 1 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Энэ нь өмнөх жилийн 750 сая ам.долларын үзүүлэлтээс эрс өссөн дүн бөгөөд брэндийн борлуулалт, ашигт ажиллагаа хоёул зэрэг тэлж байгааг харуулж байгаа юм.
Реалити шоуны одоос олон тэрбум долларын үнэлгээтэй бизнес эзэмшигч болж хувирсан Ким Кардашъяны хувьд “Skims” нь зөвхөн брэнд биш, харин дэлхийн загварын салбарт стандарт тогтоох зорилготой урт хугацааны бизнесийн төсөл болсон нь ийнхүү батлагдлаа.
