Netflix-ийн өндөр рейтингтэй “Physical: Asia” реалити шоуны сүүлийн ангид ялагч тодорч, үүний араас цахим орчинд ширүүн маргаан өрнөж байна. Тэмцээний аварга “хөөрхөн тодорхой” байсан уу, эсвэл бүхнийг эргүүлсэн шийдвэр үү гэдэг асуулт олон орны үзэгчдийн дунд хөндөгдөж буй энэ үед шоуны найруулагч, продюсер Жан Ху Ги хөшигний ард болсон үйл явц, ялангуяа Монголын багийг хэрхэн оролцуулсан талаар дэлгэрэнгүй ярьжээ.
“Physical: Asia”-ийн өмнөх хоёр улирал нь “Physical: 100” нэрээр зөвхөн Өмнөд Солонгосын оролцогчидтой цацагдаж байсан бол гурав дахь төсөл нь Ази тивийн найман улсыг хамарсан хэмжээний шоу болон томорч, энэ жилийн хамгийн их шуугиан дагуулсан реалити төслүүдийн нэг болсон юм.
“Physical: World” хийх мөрөөдлөөс “Asia” хүртэл
Жан Ху Гигийн хэлснээр олон улсын хувилбарын санаа “Physical: 100” эхний улирлаас л төржээ. Тэрбээр ярилцлагадаа:
«Physical: 100» нэвтрүүлгийн нэгдүгээр улирлаас эхлээд л «Physical: World» зохиох зорилго тавьж эхэлсэн. Энэ шоуны гол агуулга нь арьс өнгө, хүйс үл харгалзан хязгаарыг давах байсан учраас бид үргэлж шоугаа өргөжүүлэхийг хүсэж байсан.
хэмээн дурссан байна.
Түүний хувьд энэхүү формат анхнаасаа ганц улсын хүрээнд багтах ёсгүй, хүний бие бялдар, сэтгэл зүйн хязгаарыг дэлхийн олон соёл, үндэстний жишээн дээр зэрэгцүүлэн харуулах ёстой туршилт байсан аж.
Тиймээс “Physical: Asia” бол зүгээр нэг spin-off биш, харин олон улсын “Physical: World” төсөл рүү алхаж буй эхний томоохон шатан дээрх туршилтын талбар гэж найруулагч нь тодорхойлжээ.
Пакьяо шиг домогт тамирчныг тайз руу татсан нь
Жан Ху Ги “Physical: Asia”-гийн найруулагчаар ажиллахдаа нэг мөрөөдлөө заавал биелүүлэхийг хүссэн нь боксын домог, олон жинд дэлхийн аварга болсон Мэнни Пакьяог шоунд татан оролцуулах байв.
Тэрбээр ярилцлагадаа:
«Physical: Asia»-ийн найруулагчийн хувьд боксын найман өөр ангилалд дэлхийн аварга болсон домогт тамирчин Филиппиний Пакьяотой хамтарч ажиллахыг үргэлж хүсдэг байсан. Боломж гарах бүрт түүнтэй холбогдож шоунд оролцох санал тавьсан. Тэр огтхон ч эргэлзээгүй шоунд оролцохыг зөвшөөрч «Би өөрийгөө сорихыг хүсч байна. Хүмүүст өөрийнхөө юу чаддаг болохоо харуулахыг хүсч байна» гэсэн. Түүнийг ийнхүү саналыг минь таатай хүлээн авсанд би маш их баяртай байсан. Тиймээс шоу амжилттай болно гэх итгэл найдвар төрсөн.
хэмээн онцолжээ.
Домогт тамирчин Пакьяогийн оролцоо нь зөвхөн рейтинг өсгөх маркетингийн нүүдэл байгаагүй, харин шоуны “хязгаараас давж, өөрийгөө сорих” философийг биежүүлсэн хамгийн тод жишээ болсон гэж продюсер нь үзэж байна.
Найман улсыг хэрхэн сонгосон бэ?
Олон хүн “Netflix аль зах зээлдээ илүү анхаардаг вэ, тэр улсуудыг л сонгосон байх” гэж таамаглаж байсан ч Жан Ху Гигийн хэлснээр сонголтын шалгуур огт өөр байжээ.
Тэрээр:
8 улс сонгож авахдаа Netflix-ийн зах зээл дээр тулгуурлах бус тэдний «уламжлалт» спортын төрлүүд болон тус спортыг сонирхогчдыг шоундаа татан оруулахаар тооцоолсон. Жишээлбэл, Монголын багт Б.Орхонбаяр, Тайландын багт Муай Тай тулаанч Супербон, Туркийн багт уламжлалт тосон барилдаанч Режеп Кара нар багтсан байгаа.
хэмээн тайлбарласан байна.
Өөрөөр хэлбэл, улс орнуудыг сонгохдоо “телевизийн зах зээл том уу, биш үү” гэхээс илүү “энэ улсад хүч, тэсвэр, бие бялдрын уламжлалт спортын ямар өв байна вэ, түүнээсээ ямар дүр төрх төлөөлж чадах вэ” гэдгийг гол шалгуур болгосон аж.
Тэр мөн:
Ази хүмүүс жижиг биетэй гэх өрөөсгөл ойлголт дэлхий нийтийн дунд бий. Гэвч Ази хүмүүс маш хүчирхэг, өөрсдийн гэсэн уламжлалт спорттой гэдгийг дэлхий нийтэд харуулахыг хүссэн.
гэж нэмсэн байна.
Ингэснээр “Physical: Asia” зөвхөн энтертайнмент бус, Ази тивийн спортын соёл, бие бялдарын хүч чадлыг дэлхийд таниулах талбар болж хувирсан юм.
Монголын багийг урьсан тусгаараа “өөр түүх”
Жан Ху Гигийн ярьснаар, Монголын баг шоуны формат руу ороод ирсэн зам нь бусад орноос бага зэрэг өөр, “урьдчилсан тусдаа төсөл” дээрээс салбарлан гарч ирсэн байна.
Тэр энэ тухай:
Монголын багийг шоунд оруулах болсон нь бусдаас арай өөр шат дамжлагаар дамжин ирсэн. Нэг билүү хоёрдугаар улирал дууссаны дараа Монголын Засгийн газрын албан тушаалтан зэрэг олон хүмүүстэй уулзаж байсан юм. Тэд надад Солонгосоос 15, Монголоос 15 хүн оролцсон нэвтрүүлэг хийх сонирхолтой байх болно гэх санал тавьсан. Харин үүнээс илүү сонирхолтой хувилбар бол Ази тивийг хамруулах явдал байсан. Тиймээс Ази тивийн хувилбарыг хийхээр шийдсний дараа тэд бидэнд гайхалтай оролцогчид болж болохоор хүмүүсээ санал болгосон.
хэмээн тодорхой дурджээ.
Анх Монгол–Солонгосын хамтарсан тусгай төсөл ярьж эхэлсэн ч, найруулагчийн хувьд “хоёр улсын” бус “түгээмэл ази” формат илүү том боломж гэж харсан нь төслийг өнөөгийн хэмжээнд хүрэх замыг нээжээ.
Ингээд Ази тивийг хамарсан формат батлагдсаны дараа Монголын талаас санал болгосон оролцогчид, тэр дундаа Улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй хүчирхэг бүрэлдэхүүн “Дайчид” багийг бүрдүүлж, өнөөдрийн бидний мэдэх Монголын баг төрж гарсан байна.
Солонгосын баг “давуу талтай” байсан уу?
Шоуны сүүлийн ангийг үзсэн олон улсын үзэгчид, тэр дундаа сошиал хэрэглэгчид Солонгосын багийг зохион байгуулагч орны давуу тал, өмнөх улирлуудын туршлагаасаа болж илүү стратегийн боломжтой байсан гэж шүүмжилж буй.
Жан Ху Ги энэ талаар:
Солонгосын багийн хувьд өмнө нь энэхүү шоунд орж байсан туршлагатай учраас тактикийн хувьд давуу талтай мэт санагдаж болох ч бусад улс орны тамирчид ч мөн эх орондоо энэ төрлийн амьд үлдэхийн төлөө тэмцдэг нэвтрүүлгүүдэд оролцож байсан туршлагатай хүмүүс байсан. Шоуны үр дүнд нөлөөлөх, эсвэл тэдэнд давуу тал олгох нь хангалттай түлхэц болж чадах зүйл биш шүү дээ.
хэмээн хариулжээ.
Өөрөөр хэлбэл, өмнөх улирлын туршлага ганцаараа ялалтад хүргэх хангалттай хүчин зүйл биш, харин нийт багуудын бэлтгэл, сэтгэл зүй, тухайн өдрийн стратеги, багаар ажиллах чадвар зэрэг олон хүчин зүйлс нийлж эцсийн үр дүнг тодорхойлсон гэж найруулагч үзэж байна.
Хөшигний ард: орчуулагчид, эмч нар, аюулгүй байдлын систем
Олон үндэстэн, өөр өөр хэлтэй оролцогчидтой ийм хэмжээний шоу бүтээхэд логистик, аюулгүй байдлын тал дээр ямар ачаалал ирдэг вэ гэдэг нь үзэгчдэд тэр бүр харагддаггүй. Жан Ху Гигийн хэлснээр зураг авалтын талбайд асар том баг ажиллаж байжээ.
Тэрбээр:
Шоуны арын албаны хувьд зураг авалтын талбайд маш олон орчуулагч ажилласан. Ойролцоогоор нэг багт 4-5 орчуулагч ажилласан. Тэмцээн бүрт 6-10 талбайн шүүгч ажилласан. Гэсэн ч дэлгэц дээр тэднийг харуулахыг нэг их хүсээгүй. Учир нь үзэгчдийн анхаарал сарних эрсдэлтэй. Тэд мөн оролцогчдын аюулгүй байдалд анхаарч ажилладаг байсан.
Бид хажуудаа том эмнэлэгтэй студи сонгосон. Нэвтрүүлгийн үед дор хаяж гурван түргэн тусламжин машин бэлэн байдалд байдаг байсан. Мөн зураг авалтын талбай дээр 10 гаруй эмч ажилласан.
хэмээн тайлбарласан байна.
Мөн зарим тэмцээн хэт урт, хүнд болж, тамирчид туйлдаж эхлэх үед:
Тэмцээн хэт сунжрах үед бид багийн ахлагчидтай ярилцаж, дүрмийг өөрчлөх эсэх дээр санал солилцож байсан. Үнэндээ би тэднийг туйлд нь хүртэл ядраахийг хүсээгүй.
гэж тэр хэлсэн нь шоу рейтинг хөөсөн хэрнээ хүний аюулгүй байдлыг үл тоодог төсөл биш гэдгийг харуулж байна.
Жан Ху Гигийн нүдээр: “Шинэ төрлийн олимп”
Улс орнууд тус бүр өөрийн далбаан дор өрсөлдөж, эх орныхоо нэр хүнд, бахархлыг тээж гарч ирсэн учраас сэтгэл хөдлөл, эмзэглэл өндөр байх үе олон байжээ.
Тэр энэ тухай:
Улс орнууд өөр өөрсдийн далбаан дор нэгдсэн тул үндэсний бахархал нь сэргэж, тэмцээний үеэр маш мэдрэг болж байсан. Гэсэн ч үзэгчдийг өөр өөр уламжлалтай ч бие бялдрын хүчээр нэгдэж том наадам хийж чадсан гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна.
Зураг авалтын үеэр хөгжилтэй зүйл олон гарч байсан. Энэ бүхэн шинэ төрлийн олимпийн наадам шиг санагдах байх гэж бодож байна» гэжээ.
хэмээн дүгнэжээ.
Ингэж “Physical: Asia” нь нэг талаар спорт, хүч, бие бялдрын тэмцэл, нөгөө талаар соёл, уламжлал, үндэсний бахархлын огтлолцол дээр төрсөн шинэ үеийн шоуны загвар болж, цаашдын боломжит “Physical: World” төсөл рүү чиглэсэн том туршилт болж өнгөрлөө.