Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесАвстралийн ТикТок од АНУ-д ажилладаг 88 настай хөгшинд тэтгэвэрт гарах боломж бэлэглэв

Австралийн ТикТок од АНУ-д ажилладаг 88 настай хөгшинд тэтгэвэрт гарах боломж бэлэглэв

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

АНУ-д аялж яваа Австралийн залуу ТикТок инфлюнсер санамсаргүй учралынхаа ачаар супермаркетад ажиллаж байсан 88 настай өвөөд тэтгэвэртээ гарах санхүүгийн боломж бүтээж өгчээ.

Тэрээр өөрийн олон сая дагагчтай цахим хуудсаараа дамжуулан хандивын аян өрнүүлж, цугларсан 1.7 сая ам.долларын чекийг Мичиган мужийн оршин суугч, 88 настай Эд Бамбас хэмээх өвөөд Баасан гарагт гардуулсан байна. Чекийн дүнг хараад итгэж ядан нулимсаа арчиж зогссон Бамбас

“Үгүй ээ, үгүй… Баярлалаа. Ээ бурхан минь” хэмээн сэтгүүлчдийн өмнө сэтгэл нь хөдөлсөн байдлаар хэлжээ.

ТикТок-оос эхэлсэн сайхан сэтгэлийн аян

Хандивын аяныг санаачлагч нь Мельбурн хотоос АНУ-д аялж явсан 22 настай Сэм Вэйденхофер байв. Тэрээр хоёр долоо хоногийн өмнө Брайтон хот дахь Meijer сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэх үедээ кассан дээр ажиллаж байсан Эд Бамбас өвөөтэй танилцсан байна.

Ярилцлагын үеэр Бамбас 2018 онд гэргий Жоанаг хүнд өвчний улмаас алдаж, түүнээс хойш амьдралынхаа өдөр тутмын зардлыг даахын тулд өндөр насандаа дахин ажиллах болсон тухайгаа ярьжээ. Тэр өмнө нь General Motors компанид ажиллаж байгаад хууль ёсны дагуу тэтгэвэртээ гарсан ч эхнэрээ алдсаны дараа санхүүгийн бэрхшээлээс шалтгаалан дахин ажилд орсон аж.

Энэ түүхийг сонссон Вэйденхофер өөрийн 7.7 сая дагагчтай ТикТок хуудсаараа дамжуулан хандивын уриалга гаргаж, бичлэг нийтэлсэн нь богино хугацаанд 10 сая гаруй үзэлт авч, олон мянган хүний сэтгэлд хүрчээ.

Тэрээр бичлэг дээрээ
“Түүний түүх бол ахмад настнууд, ялангуяа ахмад дайчид амьдралаа залгуулахын тулд ямар их бэрхшээлтэй тулгарч байгааг тод харуулж байна”
хэмээн онцолсон байна.

Үүний дараа 15,000 гаруй хүн GoFundMe платформоор дамжуулан 15–10,000 ам.долларын хандив өгч, нийтдээ 1.7 сая ам.доллар цугларсан байна.

Хүнд хөдөлмөр, ганцаардлыг дүүргэсэн ажил

Бамбас сэтгүүлчдэд хошигнон “Одоо би хандив илгээсэн хүн бүрийг олж, баярласнаа хэлэх маш хэцүү даалгавартай боллоо” хэмээн ярьсан байна.

Тэрээр 82 настайдаа хүнс, хувцас болон өдөр тутмын бараа зардаг Meijer сүлжээ дэлгүүрт ажилд оржээ.

“Би үйлчлүүлж ирсэн бүх хүнтэй ярилцахыг хичээдэг. Ганцаардлаа тийм маягаар бага ч болов тайлдаг. Амьдралынхаа түүхээс ярьж, хүмүүсийн яриаг сонсох их сайхан” хэмээн Бамбас хэлжээ.

Өрийн дарамтаас салж, хүссэн амьдралдаа ойртлоо

Вэйденхоферийн мэдээлснээр цугларсан мөнгөний эхний хэсгийг Бамбасын 225,000 ам.долларын өрийг дарахад зарцуулж, үлдсэн мөнгө нь түүнийг амьдралынхаа үлдсэн хугацаанд санхүүгийн дарамт багатай, тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх