Поп од Кэти Перри болон Канадын Ерөнхий сайд асан Жастин Трюдо нар хайр дурлалын харилцаатай болсон нь олон нийтэд ил боллоо. Дуучин бүсгүй өөрийн инстаграм хуудсандаа тэдний хамт тэврэлдсэн зураг, бичлэг нийтэлснээр олон мянган шүтэн бишрэгчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг шууд татав.
41 настай Кэти Перри 202 сая дагагчтай Instagram хуудсан дээрээ өчигдөр шинэ пост хийхдээ Трюдотой хамт авхуулсан зураг, богино хэмжээний видеог оруулжээ. Тэр бол “Hot n Cold”, “Roar”, “I Kissed a Girl” зэрэг дэлхий даяар хит болсон дуунуудаараа алдартай олон улсын супер од. Харин 53 настай Жастин Трюдо нь Канадын нэр хүндтэй улстөрч, олон жилийн турш Ерөнхий сайдын алба хашиж байсан нэгэн билээ. Трюдо энэ оны долоодугаар сард Перрийн тоглолтыг үзэж очсон нь тухайн үедээс л сошиал орчинд энэ хоёрын харьцааны талаар таамаглалуудыг эхлүүлээд байсан.
Трюдо 2015–2025 он хүртэл Либерал намыг удирдан, Канадын Ерөнхий сайдын албыг арван жилийн турш хашжээ. Харин өнгөрсөн пүрэв гарагт тэр Японы Ерөнхий сайд асан Фумио Кишида болон түүний гэргий Юко Кишидагийн хамт авхуулсан зургаа нийтэлж,
“Тантай уулзах сайхан байлаа @kishida230. Кэти бид хоёр та бүхэнтэй хамт сууж ярилцах боломж олдсонд баяртай байна” хэмээн бичсэн нь тэдний харилцааг улам бүр баталгаажуулсан дохио боллоо.
Ийнхүү дэлхийн хэмжээний поп од, улс төрийн том дүр хоёрын болзоо ил болсон нь олон нийтийн сүлжээгээр халуун сэдэв болсоор байна.
