CS2-ын улирлын төгсгөлд ил болсон хамгийн сонирхолтой нууц ярианы нэг нь Литвагийн од rifler jL The MongolZ-ийн бүрэлдэхүүнд нэгдэх боломжтой байсан гэх мэдээлэл байлаа. Энэ тухай багийн тоглогч М.Аюуш (mzinho) All About Counter-Strike подкастад оролцох үеэрээ дэлгэрэнгүй дурдсан бөгөөд баг бүрэлдэхүүнээ бүртгүүлэх эцсийн хугацаанаас хэдхэн хоногийн өмнө нэлээд сандарсан нөхцөл байдалд орсон болохыг хэлжээ.Түүний яриагаар бол Senzu бүртгэлийн эцсийн хугацаанаас долоо хоногийн өмнө “цааш тоглохгүй” шийдвэрээ багт мэдэгдсэн бөгөөд үүний дараа The MongolZ-ийн менежмент яаралтай шинэ rifler хайж эхэлсэн байна. Хэдий анхнаасаа Монгол тоглогчоор дагнана гэж байсан ч, богино хугацааны шахалт, олон улсын түвшний тэмцээн зэргээс шалтгаалан гадаад тоглогчийг түрээслэх хувилбарыг илүү идэвхтэй судалсан аж. Ингээд нэрсийн богино жагсаалтад Европын хоёр тоглогч jL болон magixx нар багтжээ.
mzinho-ийн хэлснээр, The MongolZ эхлээд jL-тэй холбогдсон ч түүний талаас ямар нэгэн тодорхой хариу ирээгүй байна. Харин magixx-ийн хувьд байдал илүү “бодит” шатанд хүртэл очсон ч шийдвэр гаргах мөч дээр цаг хугацаа дууссан гэнэ. Монголын баг аль хэдийн controlez-тэй тохиролцож, түрээсийн гэрээгээ бараг дуусгасны маргааш нь magixx эцсийн хариугаа өгсөн аж.
Хэрэв энэ хоёр тоглогчийн аль нэг нь The MongolZ-д нэгдсэн бол багийн үндсэн харилцааны хэл монголоос англи руу бүрэн шилжих байв. Энэ нь The MongolZ-ийг бүрэн олон улсын форматад орох, тоглолт, бэлтгэлийн хэв маягаа дэлхийн Tier-1 багуудтай ижил түвшинд авч явах эхний том алхам болох байсан гэж мэргэжилтнүүд үнэлж байна. Нөгөө талаас jL эсвэл magixx-ийн Азийн баг руу түрээслэгдэн очих трансфер нь бүс нутгийн цахим спортын ерөнхий хүчний харьцаанд тод мэдрэгдэх өөрчлөлт авчрах, Европ–Ази багуудын хоорондын урсгалыг илүү нээлттэй болгох боломжийг ч давхар бий болгох байв.
The MongolZ богино хугацаанд бууж өгөлгүй, Европын топ rifler-үүдтэй шууд харилцаж оролдсон нь баг дэлхийн тавцанд тогтвортой байр суурь эзлэх зорилгоо хэр зэрэг өндөр тавьж байгааг харуулж байна.