Чо Жин Вунгийн эргэн тойрон дахь дуулиан өдөр ирэх тусам өргөжиж, урлагийн салбарынхны шинэ мэдүүлэг, хуульчдын байр суурь, хэвлэл мэдээллийн алдагдсан мэдээлэл зэрэг нь нөхцөл байдлыг улам хурцдуулж байна. Маргаан нь зөвхөн түүний өсвөр насны нууц түүхийг ил болгосноор зогсохгүй, карьерынх нь оргил үед гарсан бие махбодын болон сэтгэл зүйн халдлагын тухай мэдүүлэг, гэнэт тэтгэвэрт гарсан шалтгаан, түүнтэй зэрэгцэн задруулсан хувийн мэдээллийн эх сурвалж хэн бэ гэх асуултуудыг ч багтаажээ.
“Удалгүй ил болох зүйлсийг даахгүйгээ мэдээд тэтгэвэрт гарсан” гэх шуугиант мэдүүлэг
Сүүлийн өдрүүдэд кино урлагийн салбарын нэгэн хүн өөрийгөө Чо Жин Вунгийн “бие махбодын болон хэл амаар доромжлол”-ыг биечлэн харж байсан хэмээн танилцуулж, онлайнаар урт нийтлэл бичсэний дараа энэ бүх хэргийн “шуугиан” эрс нэмэгдэв.
Тэр хүн “Чо Жин Вун удахгүй ил болох баримтуудыг өөрөө ч дааж гарах боломжгүйгээ ойлгосон учраас гэнэт тэтгэвэрт гарснаа зарласан” гэж мэдэгдсэн талаар цахим хэрэглэгчид иш татаж байна.
Мөн тэрхүү бичвэрт яг ямар нөхцөл байдалд асуудал өрнөснийг маш тодорхой дүрсэлжээ. Түүний хэлснээр, Чо Жин Вун “Хүслийн хүн” киноны зургийн багийн оройн хоолны үеэр туслах дүрд тоглосон нэгэн жүжигчинтэй хэрүүл маргаан үүсгэж, үүнээс болж дараагийн олон үл ойлголцол эхэлсэн гэгдэж байна. Уг дүрийг олон нийт жүжигчин Юнг Ман Сик байж магадгүй гэж таамаглаж байгаа ч албан ёсоор батлагдаагүй байна.
Бичвэрт мөн хундага нийлүүлсэн үдэшлэг, архидан согтуурах үеэр олон удаа таагүй үйл явдал давтагддаг байсан, зарим жүжигчид үе тэнгийнхэндээ ноёрхох маягийн авир гаргадаг байсан гэх зэргийг дурджээ. Тэр ч бүү хэл “урьд нь түүнийг тогтмол сонгодог байсан салбар, одоо бол Чо Жин Вунтай хамтран ажиллахаас илт зайлсхийдэг болсон” гэж үзэж байгаагаа онцолсон байна.
Хэнийг хүчирхийлсэн байж болзошгүй вэ? Сэжиглэгдэж буй нэрс
Баримтат кино найруулагч Хео Чул саяхан өөрийн сошиал хуудсаар дамжуулан 2014 онд болсон гэх нэгэн явдлыг дэлгэсэн нь олны анхаарлыг дахин татав. Түүний өгүүлснээр тухайн үед Чо Жин Вун кино арга хэмжээнд оролцохоор явах замдаа автомашинд хамт сууж явсан Хеог гэнэт нүүр рүү нь цохисон гэнэ.
Тэрээр үүгээр зогсохгүй “2014 оны орчим” шинэ залуу нэгэн жүжигчнийг Чо Жин Вун хүч хэрэглэн доромжилсон өөр нэг тохиолдол бий гэж нэмэлтээр дурдсан байна.
Энэ мэдээлэл гармагц цахим орчинд таамаг түргэн тархаж, тухайн үед Чо Жин Вунтай хамтран ажиллаж байсан залуу жүжигчдийг интернэт хэрэглэгчид нэрлэж эхэлжээ. Хүмүүс ялангуяа Пак Бо Гум, Жон Хэ Ин нарыг “болзошгүй хохирогч” байж мэднэ гэж сэжиглэсэн. Учир нь тэд 2014 оны “A Hard Day” болон 2015 оны “Salut d’Amour” кинонуудад Чотой хамтран тоглож байсан шинэхэн үе нь тэр хугацаатай давхцаж байгаа юм.
Гэсэн ч эдгээр таамаг нь ямар нэг албан ёсны баримтаар батлагдаагүй, зөвхөн цахим орчинд тархсан хардлага төдий болохыг онцлон тэмдэглэж байна. Пак Бо Гум, Жон Хэ Ин нарын хэн нь ч Чо Жин Вунгийн халдлагын талаар ямар нэг тайлбар өгөөгүй, нэрээ ч дурдаалгаагүй хэвээр байна.
Насанд хүрээгүй үеийн хэрэг хэрхэн задрав вэ? Хуульчид “дотоодоос алдагдсан мэдээлэл байж магадгүй” гэж сэжиглэж байна
Маргааны өөр нэг том сэдэв нь Чо Жин Вунгийн ахлах сургуулийн насандаа холбогдож байсан хэрэг хэвлэлээр яаж, хаанаас алдагдсан бэ гэх асуудал болж хувирлаа.
Өмгөөлөгч Сон Жун Бин News1TV-ийн ярилцлагад оролцохдоо “Ийм төрлийн хэрэгт зөвхөн шууд холбогдсон хүн, эсвэл хууль ёсны замаар нэвтрэх эрхтэй байгууллага л хэрэг бүртгэлийн дугаарыг мэдэх, эсвэл хайж олох боломжтой. Гадуур хүн зүгээр нэг мэдээллийн санд орж, ийм мэдээллийг олно гэдэг бараг боломжгүй” гэж онцолжээ.

Тэрбээр мөн Чо Жин Вунтэй зэрэгцэн хамгаалалтын арга хэмжээ авсан, ижил хэрэгт холбогдсон өөр нэг хүн дотоод эх сурвалж болж мэдээлэл гадагшлуулсан байж болзошгүй гэж таамагласан.
Сон Жун Бин мэдээллийн хэрэгслийг шүүхээс шийдвэрийг дангаар нь авч чадсан мэтээр ойлгуулах оролдлогыг эргэлзээтэй деп үзэж, “Хэрэв шүүх, насанд хүрээгүйчүүдийн хорих төв зэрэг байгууллагуудаас гадны хүсэлтийн дагуу ийм баримт гарсан бол өөрөө хууль зөрчсөн үйлдэл болно. Тиймээс илүү магадлалтай хувилбар нь дотоодоос алдагдсан, эсвэл хэн нэгэн шууд холбоотой этгээд мэдээллийг дамжуулсан явдал” гэж тайлбарласан.
Хуульчийн хэлснээр, хэрэв энэ нь Насанд хүрээгүй хүмүүсийн тухай хуулийн 70 дугаар зүйлийг зөрчин гарсан бол мэдээлэл алдагдуулсан хүн өөрөө эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэлтэй.
Dispatch-д аюул учрах уу? “Хохирлын нэхэмжлэлээс болж хаагдах ч эрсдэлтэй”
Одоо олон нийтийн анхаарал Чо Жин Вунгийн өнгөрсөн үеийн тухай анхны томоохон илчлэлтийг гаргасан медиа болох Dispatch-руу чиглэж байна.
Чо Жин Вун тэтгэвэрт гарснаа зарласны дараахан түүний өмгөөлөгч Ким Кён Хо Dispatch болон уг нийтлэлийг бэлтгэсэн сурвалжлагчийн эсрэг эрүүгийн гомдол гаргаснаа мэдэгдэж, “Энэ асуудлаас болж Dispatch өөрөө үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрч болзошгүй” гэсэн хатуу байр суурь илэрхийлсэн.
“Тэрээр ахлах сургуулийн хоёрдугаар ангид байхдаа эрүүгийн хэрэгт холбогдсон нь батлагдсан”
гэсэн өгүүлбэр Dispatch-ийн нийтлэлд багтсан нь өмгөөлөгчийн гол маргаан болж байна. Ким Кён Хогийн тайлбарласнаар Чо Жин Вун эрүүгийн шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, зөвхөн насанд хүрээгүй хүнийг хамгаалах зорилготой нөхөн сэргээх арга хэмжээ авсан бөгөөд энэ нь эрүүгийн бүртгэл гэж тооцогдох ёсгүй аж.
Тэрбээр Насанд хүрээгүйчүүдийн тухай хуульд “ийм төрлийн арга хэмжээ нь тухайн хүний ирээдүйд сөргөөр нөлөөлөхгүй, “тамга” үлдээхгүй байх ёстой” гэж заасан байхад Dispatch түүнийг “хүнд гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн ялтай хүн” мэтээр олон нийтэд ойлгуулсан гэж буруутгаж байна.
Ким мөн уг нийтлэлээс болж Чо Жин Вунгийн оролцохоор тохиролцсон кино, драма, зар сурталчилгааны олон гэрээ цуцлагдсан, хойшлогдсон, эсвэл алдагдсан орлогын хэмжээгээрээ их хэмжээний хохирол учирсан гэдгийг онцолжээ.
Тиймээс тэд Dispatch-ийг зөвхөн иргэний бус, эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэж байгаа бөгөөд, хэрэв шүүх тэдний талд шийдвэл медиа компанид оногдох торгууль, хохирлын нөхөн төлбөр нь асар их хэмжээтэй байж болзошгүйг хуульчид анхааруулж байна.