Америкийн “Netflix” стриминг платформоор цацагдсан “Physical: Asia” хүч сорих реалити тэмцээний сүүлийн дугаар өнгөрсөн сард үзэгчдэд хүрсэн ч тамирчид нь олон улсын анхаарлын төвөөс одоо хэр нь буугаагүй байна. “The Physical: 100” шоуны үргэлжлэл болсон энэ төслийн үеэр найман улсын шилдэг тамирчид өөрсдийн биеийн хүч, эв дүй, ур чадвараа сорьсон билээ. 11 дүгээр сарын 18-нд цацагдсан финалын шатанд Өмнөд Солонгос, Монголын багууд шийдвэрлэх тулаанд тулсан юм. Үүний дараах долоо хоногуудад тус реалити шоуны шүтэн бишрэгчид Монголын багийг онцгойлон дэмжиж, олон нийтийн сүлжээнд тэднийг олноор нь дагаж, “дуртай баг”-аараа нэрлэсээр байна.
Өмнөд Солонгосын энтертайнмент баг Монголын багийнхныг илүү олон ангид, урт форматтайгаар үзэхийг хүссэн дэлхийн үзэгч, шүтэн бишрэгчдийн хүсэлтийг анхаарчээ. Ингэснээр “Physical: Asia”-гийн багийнхан аяллын цуврал контент бүтээх зорилгоор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг зорих шийдвэр гаргасан талаар “Netflix Korea” байгууллага энэ сарын 3-нд мэдээлсэн байна. Иймээс “Physical: Welcome to Mongolia” нэвтрүүлгийн талаар үзэгчдийн мэдэж авах ёстой гол мэдээллүүдийг нэгтгэн хүргэж байна.
“Physical: Welcome to Mongolia” нэвтрүүлэг хэзээ гарах вэ?
“Netflix” компани дөрвөн ангит “Physical: Welcome to Mongolia” тусгай цувралыг энэ оны сүүлээр үзэгчдэд хүргэнэ гэж зарласан. Албан ёсны мэдээллээр эхний хоёр анги нь 2025 оны 12 дугаар сарын 24-нд, үлдсэн хоёр анги нь 12 дугаар сарын 31-нд стриминг платформ дээр нийтлэгдэхээр төлөвлөжээ.
Эдгээр тусгай ангийг “Netflix” дэлхий даяар зэрэгцээ цацах эсэх нь одоогоор нэг мөр баталгаажаагүй байгаа ч “Physical: Asia” шоуны нэгэн адил олон улсын хэрэглэгчдэд нээлттэй гарах бүрэн боломжтой гэж үзэж байна.
“Physical: Welcome to Mongolia” нэвтрүүлэгт хэн хэн оролцох вэ?
“Netflix”-ийн “Instagram” хуудсанд нийтэлсэн сурталчилгаанаас харахад “Physical: Welcome to Mongolia” нэвтрүүлэгт Өмнөд Солонгосын багийн ахлагч Ким Дун Хён, “Physical: 100” шоуны хоёрдугаар улирлын ялагч Амотти, Монголын багийн ахлагч Б.Орхонбаяр, акробатч Э.Лхагва-Очир нар эргэн гарч ирэхээр болжээ.
Түүнчлэн Монголын багийн гол бүрэлдэхүүнд багтсан жүдоч А.Адьяасүрэн, сагсан бөмбөгийн тамирчин Э.Дөлгөөн, волейболын тоглогч Г.Хандсүрэн зэрэг тамирчдын ихэнх нь тус нэвтрүүлэгт дахин оролцоно гэж хэвлэлүүд таамаглаж байна. Харин холимог тулааны тамирчин Б.Энх-Оргил гарч оролцох эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд зураг авалттай давхацсан өдрүүдэд тэр Тайландад болсон “One Championship” холбооны тэмцээнд оролцож, аваргын бүсээ хүртсэн юм.
Мөн “Physical: Asia” реалити шоуны үеэр үзэгчдийн хайртай оролцогчдын нэг болж чадсан Австралийн тамирчин Монголд хөл тавьжээ. Тодруулбал, “Physical: Welcome to Mongolia” нэвтрүүлгийн оролцогчид Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзах үеийн албан ёсны гэрэл зургууд дээр Австралийн багийн хүчтэй өрсөлдөгч Эдди Уильямс харагдсан байна.
“Physical: Welcome to Mongolia” нэвтрүүлгийн гол агуулга нь юу вэ?
“The Chosun Daily” сонинд бичсэнээр “Physical: Welcome to Mongolia” нэвтрүүлэг нь Б.Орхонбаярын зохион байгуулсан аяллын тухай өгүүлэх бөгөөд тэрээр Ким Дун Хён, Амотти нарт “Монгол эх орон”-оо харуулж, монголчуудын амьдралын хэв маяг, орчин үеийн соёлыг танилцуулах аж. Тус хэвлэлд тэмдэглэснээр, энэхүү нэвтрүүлэг нь “Монгол контентод ихэвчлэн харагддаг ердийн зүйлс бус, харин монголчуудын чөлөөт цагаа өнгөрүүлдэг газрууд болон тэдний байнга очдог алдартай хоолны газруудыг харуулсан “жинхэнэ монгол маягийн аялал”-ыг үзүүлэхээ амлаж байна” гэжээ.
Мөн нэвтрүүлэгт Монголын уудам хээр талд аялах, нум сум харвах, морь унуулах зэрэг уламжлалт хэв шинжтэй үйл ажиллагааг багтаахаас гадна Монголын багийн тамирчдын хувийн санаачилгатай эвент, өдрийг нь хэрхэн өнгөрөөдөг онцлог мөчүүдийг харуулах аж. Тухайлбал, “Орхонбаярын бэлтгэлийн онцгой аргууд”-ыг танилцуулах, Э.Лхагва-Очирын бэлтгэсэн “монгол гэр бүлийн гэрийн хоол”-ноос амтлах зэрэг хэсгүүд нэвтрүүлгийн сонирхолтой хэсгүүдийн нэг болох талаар хэвлэлүүд онцолж байна.
2 сэтгэгдэлүүд
Байгаль, соёл нь нийлээд гадныханд үнэхээр сонирхолтой санагддаг байх
Монголд ирсэн жуулчид ийм адал явдалтай аялал хийдэг гэж ойлголоо, гоё юм