Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесКеннедийн төвийг “Трамп-Кеннедийн төв” болгох шийдвэр шуугиан дэгдээлээ

Кеннедийн төвийг “Трамп-Кеннедийн төв” болгох шийдвэр шуугиан дэгдээлээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Цагаан ордон: Удирдах зөвлөл нэр өөрчлөх саналыг “санал нэгтэй” баталжээ

Кеннедигийн урлагийн төвийн удирдах зөвлөл тус төвийн нэрийг “Трамп–Кеннедигийн төв” болгон өөрчлөхийг зөвшөөрсөн талаар Цагаан ордон мэдээлэв. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролайн Ливитт олон нийтийн сүлжээндээ “Ерөнхийлөгч Трамп сүүлийн нэг жилийн хугацаанд тус төвийн барилгыг аварч, итгэмээргүй их ажил хийсний төлөө” ингэж шийдсэн гэжээ.

Гэхдээ Вашингтон хотын бэлгэ тэмдэг, Кеннедийн нэрээр олон арван жил тогтсон энэ байгууллагын нэр өөрчлөгдөх тухай мэдээ олон нийтийн дунд маргаан дагуулах нь тодорхой. Пүрэв гарагт Ерөнхийлөгч Трамп Цагаан ордонд үг хэлэхдээ энэ талаар “Гэнэтийн, бас нэр төрийн хэрэг” хэмээн мэдэгдсэн ба тэр энэ сарын эхээр Кеннедигийн төвийн шагнал гардуулах арга хэмжээний үеэр нэр солих талаар хошигнон дурдсан нь бий.

Трамп зөвлөлийг шинэчилж, өөрийгөө даргаар томилуулсан талаар дурдав

Албан тушаалдаа орсныхоо дараахан Трамп тус төвийн удирдах зөвлөлийн бүх гишүүдийг халж, холбоотнуудаараа сольсон бөгөөд өөрийгөө зөвлөлийн даргаар томилуулжээ. Түүний ойрын зөвлөх Ричард Гренелл зөвлөлийн ерөнхийлөгч болсон байна. Мөн Ерөнхий прокурор Пэм Бонди, Цагаан ордны Тамгын газрын дарга Сюзи Уайлс, Дэд тэргүүн хатагтай Уша Вэнс болон бусад засаг захиргааны албан тушаалтнууд зөвлөлд багтжээ.

Трамп тус төвийн их засвар, бусад зардалд зориулан Конгрессоос 257 сая ам.доллар батлуулсан бөгөөд саяхан энд ДАШТ-ий сугалаа явагдсан юм. “Бид төвийг аварсан. Нөхцөл байдал нь үнэхээр муу байсан” гэж Ерөнхийлөгч Трамп хэлжээ.

“Санал нэгтэй” гэх тайлбарыг няцаасан байр сууриуд гарч ирэв

Цагаан ордон “Санал нэгтэйгээр тус төвийн нэрийг өөрчлөх саналыг баталсан” гэж мэдэгдсэн ч зөвлөлийн гишүүн, Ардчилсан намын төлөөлөгч Жойс Битти “Энэ бол санал нэгтэй шийдвэр биш. Миний микрофоныг хааж, эсэргүүцлээ илэрхийлэх боломж олгоогүй” хэмээв. Кеннедигийн ач хүү Жэк Шлоссберг “Санал хураалт бүрэн дэмжлэгтэй болоогүй” гэж X дээрээ бичжээ.

Кеннедийн гэр бүлийн бусад гишүүд ч байр сууриа илэрхийлсэн байна. Жо Кеннеди III “Кеннедийн төв бол холбооны хуулиар нэрлэгдсэн, ерөнхийлөгчийн дурсгалд зориулсан зүйл. Нэрийг нь ингэж дураараа өөрчлөх нь Линкольны дурсгалыг өөрчилж байгаатай адилхан. Хэн юу ч хэлсэн бай, ингэж нэрийг нь солих боломжгүй” гэжээ. Мария Шрайвер, “Трамп Кеннедийн нэрийн өмнө өөрийн нэрийг нэмэхийг зөвшөөрөгдөхүйц зүйл гэж бодож байгаа нь үнэхээр хачирхалтай, бүр хэтэрхий донтсон явдал” хэмээн тодорхойлжээ.

Хууль эрх зүйн маргаан ба уран бүтээлийн хөтөлбөрт гарсан нөлөө

Кеннедийн төвийн барилгын ажил 1950-иад онд эхэлж, 1963 онд Кеннеди амиа алдсаны дараа Конгресс 1964 оны хуулиар түүнийг “Ерөнхийлөгч Кеннедийн дурсгал” болгон нэрлэжээ. Зарим хууль тогтоогч, хуульчдын тайлбарлаж буйгаар төвийн нэрийг албан ёсоор өөрчлөхөд Конгрессын санал хураалт шаардлагатай байж мэднэ. Харин вэбсайт, тасалбар, барилгын гадна талын нэршил зэрэгт өөрчлөлт хийхэд заавал ийм алхам хэрэггүй байж болзошгүй гэж үзэж байна.

Энэ өөрчлөлтийг зарим улс төрийн өрсөлдөгчид улс төрийн нөлөөгөө хэтрүүлсэн явдал гэж шүүмжилж байна. Нэр өөрчлөгдсөн тухай мэдээллийн дараа Hamilton мюзиклийн тоглолт цуцлагдаж, бусад уран бүтээлчид ч төлөвлөсөн тоглолтоо болиулжээ. Мөн олон арван ажилтан ажлаасаа халагдах өргөдлөө өгсөн байна.

Кеннедийн төвийг “Трамп-Кеннедийн төв” болгох шийдвэр шуугиан дэгдээлээ

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх