Хөгжмийн наадмын тайзан дээр каннабис хэрэглэснээ хүлээн зөвшөөрчээ
Румын улсын шүүх Америкийн реппер Виз Калифад тайзан дээр каннабис татсан хэрэгтэй холбоотойгоор есөн сарын хорих ял оноосон байна. Виз Калифа нэрээрээ олонд танигдсан Томаз Камерон Жибрил өнгөрсөн жил Костинешти хотод зохион байгуулсан “Beach, Please!” хөгжмийн наадмын үеэр тайзан дээр каннабис хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн гэж мэдээлжээ.
Давж заалдах шатны шүүх торгуулийг хүчингүй болгож, хорих ял шаардлагатай гэж үзэв
Румын улсын давж заалдах шатны шүүх мансууруулах бодис хадгалсан хэрэгт нь анх оноосон 3600 румын лей буюу 829 ам.долларын торгуулийг хүчингүй болгож, энэ төрлийн хэрэгт заавал хорих ял оногдуулах нь зөв гэж дүгнэсэн байна. Шүүхийн шийдвэрийг Виз Калифагүйгээр гаргасан бөгөөд түүний Румынд байгаа эсэх нь тодорхойгүй гэжээ. Түүнийг хамгийн сүүлд мягмар гарагт Калифорни мужид реппер Ганнатай хамт тайзан дээр тоглож буй дүрс бичлэг цацагдсан байна.
Цагдаа нар саатуулж, “эрсдэлтэй мансууруулах бодис” хадгалсан гэж үзжээ
Румын улсын цагдаа нар 2024 оны долоодугаар сарын 13-нд болсон тоглолтын дараа уран бүтээлчийг түр саатуулж, байцаасны дараа хувийн хэрэглээнд зориулсан “Эрсдэлтэй мансууруулах бодис” хадгалсан хэргээр ялласан гэж мэдээлсэн. Мөрдөн байцаагчдын мэдээллээр тэрээр 18 граммаас дээш хэмжээний каннабис биедээ авч явсан бөгөөд үүнээс гадна тайзан дээр дахин хэрэглэсэн гэж үзжээ.
Шүүхийн тайлбар: Залуусын хэрэглээг өдөөсөн мессеж түгээсэн гэж дүгнэв
Констанца хотын Давж заалдах шатны шүүх шийдвэрээ бичгээр танилцуулахдаа анхны торгуулийг цуцалсан шалтгаанаа уран бүтээлч “хууль бус үйлдлийг хэвийн мэт ойлгуулах мессеж түгээж”, улмаар “залуусын хар тамхины хэрэглээг өдөөсөн” гэж тайлбарласан байна. Шүүгчид уг үйлдлийг “Илт гайхуулсан үйлдэл” гэж нэрлээд “Залууст өргөн танигдсан хөгжмийн наадмын тайзан дээр гар аргаар ороосон тамхи (каннабис) хадгалж, хэрэглэсэн хөгжмийн уран бүтээлч” хэмээн тодорхойлжээ.
Виз Калифагийн байр суурь
Харин Виз Калифа уг явдлын маргааш X-д “Би энэ улсыг гомдоохыг хүсээгүй. Албаныхан надад маш хүндэтгэлтэй хандсан, намайг явуулсан. Дахиад очно. Гэхдээ том каннабис тамхигүй” гэж бичсэн байна.
Каннабистай холбоотой дүр төрх нь түүний хэв маягийн нэг хэсэг хэвээр
“Black and Yellow”, “See You Again”, “Young, Wild & Free” зэрэг дуугаараа алдартай Виз Калифа олон нийтийн сүлжээндээ каннабис хэрэглэж буй зураг, бичлэгээ тогтмол нийтэлдгээрээ танигдсан бөгөөд 2016 онд өөрийн каннабисын брэндийг байгуулсан. АНУ-ын зарим мужид каннабисыг эмчилгээний болон зугаа цэнгэлийн зорилгоор хууль ёсоор хэрэглэдэг ч холбооны түвшинд одоог хүртэл хууль бус хэвээр байна.