1950-аад онд Францын кино урлагийн өнгө төрхийг өөрчилж, бэлгийн эрх чөлөөний бэлгэдэл хэмээн нэрлэгдэж байсан жүжигчин Брижит Бардо 91 насандаа таалал төгслөө. Тэрбээр нийтдээ 50 орчим бүтээлд тоглосон ч 39 насандаа дэлгэцийн урлагаас хөндийрөн, үлдсэн амьдралаа амьтдын сайн сайхны төлөөх үйлсэд зориулсан юм.
Макроны эмгэнэл, Марианны дүртэй холбогдох түүх
Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон түүний таалал төгссөнтэй холбогдуулан эмгэнэл илэрхийлжээ.
“Кинонууд, дуу хоолой, гялалзсан алдар суу, нэрийн эхний үсэг, уй гашуу, амьтдад зориулсан өгөөмөр сэтгэл, Марианны нүүр царай нь Брижит Бардог эрх чөлөөт амьдралын бэлгэ тэмдэг болгосон юм. Тэр бол Францын оршихуй, төгс суу алдар. Тэр бидний сэтгэлд үүрд үлдэнэ. Бид энэ зууны домог болсон хүний хойноос эмгэнэн гашуудаж байна” гэж мэдэгдэлдээ бичжээ.
Мариана нь Францын хувьсгалын бэлгэдэл болсон эмэгтэй дүр бөгөөд 1970-аад онд Бардо уг дүрийн нүүр царай, загвар болж байсан түүхтэй.
Парист төрсөн охин хэрхэн дэлгэцийн од болсон бэ
Брижит Анн-Мари Бардо 1934 онд Парис хотод чинээлэг гэр бүлд төрсөн. Эцэг эх нь охиноо балетын урлагт чиглүүлэх хүсэлтэй байсан ч өсвөр насандаа “Elle” сэтгүүлийн нүүрэнд зураг нь нийтлэгдсэнээр олны анхааралд орж, кино урлагийн ертөнцөд хөл тавих боломжийг олж авчээ.
“Бурхан эмэгтэй хүнийг бүтээсэн юм” кино ба шуугианы эхлэл
Түүний нэрийг дэлхий даяар дуурсгасан үе 1956 онтой давхцдаг. Тухайн үед нөхөр нь байсан найруулагч Рожер Вадимын “Бурхан эмэгтэй хүнийг бүтээсэн юм” кинонд Бардо бэлгийн задгай амьдралтай бүсгүйн дүрийг бүтээсэн нь томоохон дуулиан тарьсан байна. Тус киног АНУ-ын зарим мужид гаргахыг хориглосон бол Францын философич Симон де Бовуар түүнийг “эрх чөлөөний үнэмлэхүй бэлгэдэл” хэмээн өндрөөр үнэлж байжээ.
Загвар, гоо сайхны чиг хандлагыг хүртэл өөрчилсөн нөлөө
Кино бүтээлүүдээс гадна Бардогийн хувцаслалтаас эхлээд нүүр будалт, үсний засалт хүртэл тухайн цаг үеийн дэлхийн загварын чиг хандлагад хүчтэй нөлөөлж байсан гэж дүгнэгддэг. Олны төсөөлөлд тэр зөвхөн дэлгэцийн дүрээр бус, амьд төрхөөрөө ч үеийнхнийхээ бэлгэдэл болон үлджээ.
Гэр бүл, хувийн амьдралын дүр зураг
Тэр амьдралынхаа турш дөрвөн удаа гэрлэсэн бөгөөд кино найруулагч Жак Шарьераас нэг хүүтэй болсон юм. Харин олон нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн хувийн амьдрал нь уран бүтээлийнх нь амжилттай зэрэгцэн байнгын хэлэлцүүлгийн сэдэв болсоор байв.
39 насандаа тайзнаас бууж, амьтдын төлөө амьдралаа зориулсан нь
Секс бэлгэдэл гэх тодорхойлолт дагасан хэт алдар нэрээс залхсан Бардо уран бүтээлийн оргил үедээ буюу 39 насандаа кино урлагаас зодог тайлж, амьтдын сайн сайхны төлөө үлдсэн амьдралаа чиглүүлсэн юм.
“Би залуу нас, гоо үзэсгэлэнгээ эрчүүдэд, мэргэн ухаан, мэдлэг туршлагаа амьтдад өгсөн юм” гэж тэр нэг удаа хэлж байв.
1986 онд тэр зэрлэг болон тэжээвэр амьтдыг хамгаалах “Brigitte Bardot Foundation” сангаа байгуулж, мөн цагаан хоолтон болжээ.
Маргаан дагуулсан байр суурь, шүүмжлэл ба шийтгэлүүд
Гэхдээ түүний амьдралын сүүлийн жилүүд намтар дахь хамгийн маргаантай хэсэг болж үлдсэн. Исламын шашин, ижил хүйстнүүд, #MeToo хөдөлгөөний талаар илэрхийлсэн байр сууриуд нь хүчтэй шүүмжлэл дагуулж, олон нийт дунд нэр хүндийг нь унагаасан гэж үздэг.
1990-ээд оны сүүл үеэс хойш муслимуудын талаар хэвлэлд хэд хэдэн удаа сөрөг агуулгатай зүйл ярьсны улмаас арьс өнгөөр ялгаварлах үзлийг сурталчилсан шалтгаанаар олон удаа шийтгүүлжээ. Тухайлбал 2008 онд өөрийн вэбсайтад муслимуудыг “өөрсдийн зан заншлыг тулгаж, манай улсыг сүйтгэж байна” гэж бичсэнийхээ төлөө 15,000 еврогоор торгуулж байв.
2003 онд хэвлүүлсэн “Чимээгүйн дундах хашхираан” номдоо тэр ижил хүйстнүүд, орчин үеийн урлаг, улс төр, цагаачлалын асуудлаар хатуу байр суурь илэрхийлж, мөн адил шүүмжлэлд өртсөн байдаг.
2018 онд Paris Match сэтгүүлд ярихдаа Бардо бэлгийн дарамтыг эсэргүүцэх #MeToo хөдөлгөөнийг “хоёр нүүртэй, инээдтэй зүйл” гэж шүүмжлээд “дүр авахын тулд найруулагчидтай сээтгэнэдэг олон жүжигчин байдаг” хэмээн хэлж байсан юм.
1 comment
Францын кино урлагт том мөр үлдээсэн хүн