Холливудын дараагийн үеийн жүжигчдийн нэгээр нэрлэгддэг Элле Фаннинг 83 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолын улаан хивсэн дээр найз залуу Гус Ваннераас илүү “тод” харагдсан төрхөөрөө олон нийтийн анхаарлыг төвлөрүүлжээ.
Орон нутгийн цагаар 12-нд Лос Анжелес хотын Беверли Хилтон зочид буудалд болсон ёслолд Элле Фаннинг саарал өнгийн Gucci даашинз сонгосон нь түүний 175 см өндөр, нарийхан бие галбирыг онцлон тодотгосон байна. Даашинзны цэнхэр өнгийн чимэглэл, алмаазан зүүлт, голоор хуваасан шаргал үсний засалт нь түүний дэгжин төрхийг бүрэн гүйцэд болгожээ.
Харин Гус Ваннер сонгодог хар смокинг өмссөн бөгөөд хосууд улаан хивсэн дээр хамтдаа гарч ирэх үед Элле Фаннинг өндөр өсгийтийн нөлөөгөөр Ваннераас илүү өндөр харагдаж, камерын дуранд илүү тод туссан гэж мэдээлэлд дурдсан байна. Зарим гадаадын хэвлэл хосуудын “харааны хими”-ийг онцлон “Элле Фаннинг найз залуугаасаа дээгүүр байр эзэлжээ” гэх гарчгаар энэ агшныг тодруулжээ.
Элле Фаннинг, Гус Ваннер нарын харилцаа 2023 онд болзооных нь зураг олон нийтэд ил болсноор анх яригдаж эхэлсэн. Тэд 2024 оны “Алтан бөмбөрцөг”-ийн улаан хивсэн дээр хосуудын хувиар анхны албан ёсны гарч ирэлтээ хийсэн бол энэ жилийн ёслолд дахин хамтдаа ирсэн нь анхаарал татах шалтгаан болсон гэжээ.
Энэ өдөр Элле Фаннинг Sentimental Value киноныхоо дүрээр “Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин” төрөлд нэр дэвшсэн ч шагналыг Теяна Тейлор хүртсэн байна. Шагнал аваагүй ч улаан хивсэн дээрх төрхөөрөө ёслолын хамгийн их яригдсан зочдын нэг болж, өөрийн оршихуйг “баталсан” хэмээн мэдээлэлд өгүүлжээ.
Элле Фаннинг нь жүжигчин Дакота Фаннингийн дүү гэдгээр танигддаг бол Гус Ваннер нь Rolling Stone сэтгүүлийг хамтран үүсгэн байгуулагч Ян Веннерийн хүү бөгөөд одоогоор тус хэвлэлийн захирлаар ажилладаг гэж мэдээлэлд дурдсан байна.