Алдартнуудын дуртай кутюрье нас барлаа
Италийн загварын ертөнцийн томоохон нэрсийн нэг, кутюрье Валентино Гаравани (олонд Валентино нэрээрээ танигдсан) 93 насандаа таалал төгслөө. ХХ зууны өндөр зэрэглэлийн загварын гол төлөөлөгчдийн нэг гэгддэг түүний урласан даашинз, хослолыг Элизабет Тейлор, Нэнси Рейган, Шарон Стоун, Жулиа Робертс, Гвинет Пэлтроу зэрэг олон одууд өмсөж, улаан хивсний ёслол, түүхэн мөчүүдэд тодруулан харуулж байв.
Валентино 1960 онд өөрийн нэрээр загварын ордноо байгуулж, тэр үеийн Италийн болон Европын тансаг хэв маягийг тодорхойлсон гол дизайнеруудын нэг болж Жоржио Армани, Карл Лагерфельд нартай зэрэгцэн салбарын оргилд гарсан юм.
Ром дахь сүүлчийн мөч, оршуулгын ёслол
Валентино Гаравани болон түүний удаан жилийн хамтрагч Жанкарло Жамметтигийн нэр дээр үйл ажиллагаа явуулдаг сан Инстаграм хуудсаараа дамжуулан түүний таалал төгссөн тухай мэдэгдэл хийхдээ:
“Тэрбээр Ром дахь гэртээ, гэр бүлийнхнийхээ хайранд умбан, тайван нойрссон”
хэмээн бичжээ.
Сангийн мэдээлснээр түүний шарилыг нэгдүгээр сарын 21–22-нд Ром хотын Пьяцца Миньянелли талбайд олон нийтэд хүндэтгэл үзүүлэх хэлбэрээр байрлуулж, дараагийн өдөр нь “Тэнгэрийн элч нар ба Мартируудын ариун Марийн сүм”-д оршуулгын ёслол үйлдэхээр төлөвлөсөн байна.
Ломбардигаас Парис хүртэл: карьерын эхлэл
1932 оны тавдугаар сард Ломбарди мужид төрсөн Валентино тансаг, баян харагдах шийдлүүд, сүр жавхлан бүхий силуетээрээ танигдсан. Едүгээр сургуулиа дүүргэснийхээ дараа ердөө 17 насандаа Парис руу нүүн очиж, “Chambre Syndicale de la Couture Parisienne”-д суралцан, тэндээсээ мэргэжлийн карьерынхаа суурийг тавьжээ.
Парист байх хугацаандаа Жак Фат, Баленсиага, Жан Дессэс, Ги Ларош зэрэг тухайн үеийн нэр хүндтэй кутюрье нартай хамтран ажиллаж, оёдол, кроо, материалын сонголтоос эхлээд өндөр зэрэглэлийн загварын бүх нарийн ажиллагааг судалсан нь хожмын бие даасан хэв маягийнх нь үндэс болсон юм.
“Улаан Валентино” – нэг өнгөөр тодорсон домог
Испанид хийсэн аяллын үеэр олж харсан өнгө, баярын уур амьсгалаас сэдэл аван тэр өөрийн брэндийн бэлгэдэл болсон тусгай улаан өнгийг бий болгосон бөгөөд энэ нь “Улаан Валентино” нэрээр алдаршсан. Хүрэн туяатай, гүн улаан өнгө бүхий домогт fiesta даашинз түүний нэрийг дэлхий даяар улам тодруулсан бөгөөд энэхүү өнгө хожим Валентино загварын ордны дүр төрхийн салшгүй хэсэг болжээ.
Энэ өнгө ямар чухал байсныг харуулах нэг баримт нь 2008 онд толилуулсан сүүлчийн өндөр загварын цуглуулгын финал хэсэг юм. Тэр үдшийн төгсгөлд тайзнаа гарсан бүх модель улаан даашинз өмсөж, Валентино өөрийн замналыг брэндийн өнгөөрөө хаасан нь загварын түүхэнд онцгой мөч болон үлдсэн.
Хуримын даашинз, шагналын оргил, орчин үеийн “сүүлчийн агуу”
Валентино зөвхөн улаан хивсний ёслол төдийгүй хааны гэр бүл, дипломат хүрээнд ч хүчтэй байр суурь эзэлж байв. 2013 оны зургаадугаар сард Шведийн гүнж Мадлен АНУ-ын санхүүч Кристофер О’Нийлтэй гэрлэхдээ өмссөн хуримын даашинзыг түүний гараар бүтээсэн нь түүхэн хуримын дүр төрхийг тодорхойлсон жишээ болж үлдсэн.
Карьерынхаа сүүлийн онуудад ч тэр загварын ертөнцөд албан ёсоор үнэлэгдсээр байлаа. 2023 оны арванхоёрдугаар сард Лондонгийн Royal Albert Hall-д болсон Британийн Загварын шагнал гардуулах ёслолоос “Онцгой амжилт” хэмээх нэр хүндтэй шагналыг хүртсэн нь түүний олон арван жилийн хөдөлмөр, кутюр соёлыг тодорхойлсон нөлөөг дахин баталсан үйл явдал болсон.
“British Vogue” сэтгүүлийн ерөнхий редактор асан Александра Шулман түүний нас барсны дараа хэлэхдээ:
“Энэ бол маш гунигтай мэдээ. Учир нь тэр орчин үеийн агуу дизайнеруудын сүүлчийнх нь байсан. Түүний гол хувь нэмэр гэвэл хүмүүсийн төсөөлдөг жинхэнэ загвар зохион бүтээгчийн дүр төрхийг илэрхийлж чадсан явдал юм”
хэмээн дүгнэсэн байна.
Мөн тэр цааш нь:
“Мөн тэр алдартай үйлчлүүлэгчдээ олон жилийн турш хадгалж чадсан. Тэрээр Жаклин Кеннеди Валентино өмсөж гашуудлын үедээ гарч ирж байсан үеэс жинхэнэ карьераа эхлүүлсэн. Улаан хивсний ёслолууд чухал болохын хэрээр түүний карьер сүүл үедээ улам тэлсэн. Учир нь түүний хувцас яг л тийм тайзанд зориулагдсан байсан. Түүний урласан даашинзууд оффист явахдаа зүгээр л өмсчихдөг хувцас биш харин үнэхээр тансаг, гайхамшигт даашинзууд байлаа”
хэмээн онцолжээ.
Түүний нас барснаар ХХ зууны өндөр зэрэглэлийн загварын эрин үеийг биечлэн төлөөлөх дизайнеруудын нэг хэсэг хаагдаж байгаа ч Валентино брэндийн түүх, “Улаан Валентино” өнгө, тансаг кутюр даашинзууд нь загварын ертөнцөд үлдэх нөлөөгөө хадгалсаар байх юм.