Бруклин Бекхэм дуугүй байдлаа зогсоож, эцэг эхийгээ шууд шүүмжлэв
Бруклин Бекхэм эцэг эх Давид, Виктория Бекхэмтэйгээ харилцаагаа сэргээх сонирхолгүй байгаагаа ил тод мэдэгдэж, тэднийг өөрийн гэрлэлт, эхнэр Никола Пельцтэй холбоотой амьдралыг нь “байнга сүйтгэхийг оролдсон”, хуримын үйл явцыг бусниулсан, дотоод зөрчлийг хэвлэлээр өөрсдийн талд ашигтайгаар эргүүлэхийг хичээсэн гэж буруутгалаа.
Сүүлийн жилүүдэд тэд бие биенийхээ амьдралын томоохон үйл явдлуудад оролцохоо больсон, сошиал сүлжээнд бие биенийгээ блоклосон, бүр хоёр тал хуульчдын албан бичиг хүртэл солилцсон гэх цуурхал тасраагүй.
Бруклин даваа гарагт Инстаграмын сторид нийтэлсэн цуврал бичлэгтээ:
“Би олон жилийн турш чимээгүй байж, эдгээр асуудлыг аль болох хувийн хүрээнд зохицуулахын тулд хичээсэн”
“Харамсалтай нь, эцэг эх минь болон тэдний баг хэвлэлд дахин дахин хандаж, надад өөрийнхөө төлөө дуугарч, худал мэдээллүүдийн заримыг нь ч болов үнэнээр нь ярихаас өөр сонголт үлдээсэнгүй. Би гэр бүлтэйгээ эвлэрэхийг хүсэхгүй. Би амьдралдаа анх удаа өөрийнхөө төлөө зогсож байна.”
хэмээн бичсэн байна.

Хуримын өмнөх дарамт, нэрийн эрхээс татгалзахтай холбоотой маргаан
Бруклины хэлснээр, өнөөгийн зөрчил 2022 оны дөрөвдүгээр сард Флоридад болсон Никола Пельцтэй хийсэн хуримаас өмнө эхэлжээ. Хуримын өмнөх хэдэн долоо хоногт эцэг эх нь түүнд “Бекхэм” нэрийн эрхээс татгалзахыг шаардсан гэрээнд гарын үсэг зуруулах гэж удаа дараа шахсан, бүр санхүүгийн урамшуулал амлан ятгахыг оролдсон гэж тэр дурдсан.
Тэрээр энэ талаар:
“Тэд хуримаас өмнө заавал гарын үсэг зуруулахыг шаардсан. Би татгалзсанаар тэдний орлогын төлөвлөгөөнд нөлөөлсөн, түүнээс хойш надад хандах хандлага нь огт өөр болсон”
хэмээн тайлбарлажээ.
Бруклины үзэж буйгаар, гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан нь гэр бүлийн бизнесийн төлөвлөгөөнд шууд нөлөөлж, тэр мөчөөс эхлэн түүнд хүйтэн хандаж эхэлсэн байна.
Мөн тэр ээж Виктория Бекхэм хуримын даашинзыг нь өөрийн загварын байрандаа урлаж өгөх тохиролцоог “сүүлийн мөчид цуцалж”, Николаг яаралтай өөр дизайнер, өөр даашинз хайхад хүргэсэн гэжээ. Энэ нь хуримын өмнөх хөндлөнгийн дарамтыг улам ихэсгэсэн гэж тэр үзэж байна.
Викториягийн даашинз, Давидын төрсөн өдөр, бүжгийн “эвгүй” мөч
Бруклин аав Давид Бекхэмийн 50 насны ойг хамт тэмдэглэх гэсэн оролдлогоо ч бүтэлгүй болсон гэж ярьсан. Түүний өгүүлснээр, аавтайгаа уулзах хүсэлтийг нь нэг долоо хоногийн турш хүлээлгэсний эцэст зөвшөөрөхдөө Николаг урихгүй байх нөхцөлийг тавьжээ. Үүнээс гадна гэр бүлийнхэн нь Лос-Анжелест ирсэн ч түүнтэй уулзахгүй буцсан гэж хэлжээ.
“Дараа нь гэр бүлийнхэн маань Лос-Анжелест ирсэн ч надтай огт уулзаагүй” гэж тэр дурссан байна.
Харилцааг улам хурцатгасан бас нэгэн дурсамжийг Бруклин PEOPLE-д өгсөн урьдчилсан мэдээлэлтэй давхцуулан дурджээ. 2022 онд болсон хурим дээр Бекхэмүүдийн дотны найз Марк Энтони хосуудад бэлэг болгож дуулах санал тавьсан байна. Анхнаасаа энэ дууг Бруклин, Никола хоёр хамт бүжиглэх романтик мөч байхаар төлөвлөсөн байв.
Гэвч тайзан дээр гарах мөчид Марк Энтони “Өнөө орой өрөөн доторх хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйг урья… Виктория Бекхэм!” хэмээн зарлаж, эхлээд Викторияг тайзан дээр дуудаж, Бруклинтай бүжиглүүлсэн гэжээ. Бруклин энэ тухай эргэн дурсахдаа, эхнэртэйгээ хамт байх ёстой байсан мөчийг “ээж нь булаасан” мэт санагдсан, өөрийгөө “амьдралдаа байж үзээгүй хэмжээнд эвгүй байдалд орсон” гэж ярьсан байна.
“Brand Beckham” ба гэр бүлээс зайгаа барих шийдвэр
Бруклин өөрийн мэдэгдэлдээ Бекхэмүүдийн хувьд гэр бүл гэж юу гэсэн ойлголттой байдгийг тодорхой тайлбарлажээ. Түүний хэлснээр, түүний өссөн орчинд гэр бүлийн дотоод уур амьсгал, сэтгэл санааны холбооноос илүү “Brand Beckham” гэх сурталчилгаа, ивээн тэтгэлэг, олон нийтийн дүр төрх бүхнээс дээгүүр тавигддаг байсан.
Тэрээр:
“Бид хэчнээн нэг гэр бүл болохыг хичээсэн ч, миний эхнэрийг гэр бүлийнхэн маань байнга үл хүндэлсээр ирсэн. Манай гэр бүлд олон нийтэд харагдах сурталчилгаа, ивээн тэтгэлэг буюу “Brand Beckham” л бүхнээс чухал. Гэр бүлийн “хайр” гэдэг нь сошиалд хэр их пост оруулснаар, эсвэл гэр бүлийн зураг авахуулахын тулд хэр хурдан очсоноор хэмжигддэг.
Би амьдралынхаа ихэнх хугацаанд хүчтэй айдас, түгшүүртэй амьдарч ирсэн ч “гэр бүлээсээ холдсоноор энэ түгшүүр алга болж, одоо амар амгалан, тайвшралыг олсон”
хэмээн онцолжээ.
Түүний ярьснаар, Бекхэмийн нэртэй холбоотой олон нийтийн дарамт, гэр бүлийнхээ дотоод хүлээлтээс холдсоноор л анх удаа сэтгэл санааны тайван байдлыг мэдэрч эхэлсэн байна.
Николага үл хүндэтгэх байдал, “Brand Beckham”-ийн хэт давуу байр суурь, өөрийн нэр, амьдралын замналаа хянах гэсэн хүсэл нь Бруклиныг эцэг эхээсээ бүрэн зайгаа барих шийдвэр гаргахад түлхэц болсон гэж дүгнэгдэж байна. Одоогоор Давид, Виктория Бекхэм нар түүний олон нийтийн мэдэгдэлд албан ёсны хариу өгөөгүй байна.