BTS хамтлаг гурван жилийн завсарлагааны дараа Сөүл хотын төвд эргэн ирж, томоохон тоглолтоо зохион байгуулан мянга мянган шүтэн бишрэгчдийг нэг дор цуглууллаа.
Хот бүхэлдээ хамтлагийн бэлгэ тэмдэг болсон нил ягаан өнгөөр гэрэлтэж, гудамж талбай, дэлгэц, сурталчилгааны самбарууд BTS-ийн дүр төрхөөр дүүрсэн байв. Тайзан дээр RM, Jin, Suga, J-Hope, Jimin, V, Jung Kook нар гарч “Бид эргэн ирлээ” хэмээн мэдэгдсэн нь фенүүдийн догдлолыг оргилд хүргэжээ.
Тоглолт Гванхвамун талбайд болж, Солонгосын уламжлалт “Arirang” дууг орчин үеийн хэлбэртэй хослуулсан шинэ цомгийн үзүүлбэрээр нээгдсэн. Үүний дараа “Butter”, “Dynamite”, “MIC Drop”, “Mikrokosmos” зэрэг дэлхийд алдартай дуунууд эгшиглэж, үзэгчид хамт дуулан уур амьсгал илүү халуун, баяр хөөртэй болсон байна.
Энэхүү арга хэмжээнд зориулан 22 мянган хүний суудалтай тайз байгуулж, нийтийн эзэмшлийн талбайг өргөн хүрээнд ашигласан нь зарим шүүмжлэл дагуулжээ. Зарим иргэд аюулгүй байдал болон нөөцийн зохицуулалтын талаар санаа зовнилоо илэрхийлсэн бол албаныхан BTS-ийг Өмнөд Солонгосын “зөөлөн хүч”-ний бэлгэ тэмдэг хэмээн тодорхойлж, улсын имижид эерэг нөлөөтэй гэж тайлбарласан байна.
Шүүмжлэгч Лим Хи Юн BTS хамтлагийг “The Beatles”-тай зүйрлэн, тэдний дэлхий дахинд үзүүлэх нөлөө өндөр хэвээр байгааг онцолсон.
Тоглолтын төгсгөлд “Mikrokosmos” дуу эгшиглэж, гэрэлт саваа барьсан үзэгчид талбайг од мэт гэрэлтүүлэн үдшийг өндөрлүүлжээ.
Хамтлагийн дэлхийн аялан тоглолт 34 хотод 88 удаа зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн бөгөөд бүх тасалбар аль хэдийн зарагдсан байна. 2027 он гэхэд нийт орлого 1 тэрбум ам.доллар давах тооцоо гарсан бөгөөд зарим таамгаар Тайлор Свифтийн “The Eras Tour”-ийн амжилтыг давж магадгүй гэж үзэж байна.
Эрэлт өндөр байгаагийн нэг жишээ нь Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум Өмнөд Солонгосын Засгийн газарт хандан BTS-ийг Мексикт илүү олон тоглолт хийхийг хүссэн захидал илгээсэн явдал юм.
Мөн шинэ цомгийн нөлөөгөөр HYBE компанийн хувьцааны ханш өссөн бөгөөд Big Hit Music компани “Arirang” цомог гарсан эхний өдөр 3.98 сая хувь борлогдсон талаар мэдээлжээ.

