Өмнөд Солонгосын DKZ хамтлаг дебют хийснээсээ хойш долоон жилийн дараа албан ёсоор тарж байгаагаа зарлалаа.
Dongyo Entertainment компани дөрөвдүгээр сарын 15-нд мэдэгдэл гаргаж, хамтлагийн гишүүдтэй ярилцсаны үндсэн дээр тавдугаар сарын 31 хүртэл товлогдсон үйл ажиллагаанууд дуусмагц хамтлагийн албан ёсны үйл ажиллагааг өндөрлүүлэхээр болсон гэж мэдээлжээ.
Агентлагийн зүгээс гишүүдэд талархал илэрхийлэхдээ хамтлагийг долоон жилийн турш авч явсан Жэчан, Жуонэ нарыг онцолсон байна. Мөн 2022 онд нэгдэж, хамтлагийн хүчтэй түшиг болсон Сэхён, Мингю, Жисок нарт талархаж байгаагаа дурджээ.
Гэсэн ч гишүүд агентлагаасаа гарахгүй юм байна. Хамгийн удаан хугацаанд хамтлагт байсан Жэчан, Жуонэ нар Dongyo Entertainment-тай байгуулсан гэрээгээ сунгасан гэж мэдэгдсэн байна.
Мөн агентлагийн мэдээлснээр DKZ-ийн гишүүд ирэх зургаадугаар сараас эхлэн бие даасан уран бүтээл, үйл ажиллагаандаа төвлөрөх аж. Компани тэдний цаашдын бүх төсөл, ажлыг бүрэн дэмжин ажиллана гэдгээ мөн илэрхийлжээ.
DKZ хамтлаг анх 2019 онд Dongkiz нэртэйгээр дебютээ хийж байсан юм. Дараа нь бүрэлдэхүүндээ хэд хэдэн өөрчлөлт хийж, зарим гишүүн нэмэгдэн, зарим нь гарсны эцэст нэрээ DKZ болгон өөрчилж байжээ.