Казахстан Улсад зохиогдож буй “Silk Way Star” олон улсын дууны уралдааны сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын 22-нд болох гэж байна. Тус шатанд Монгол Улсаа төлөөлөн дуучин И.Мишээл амжилттай шалгаран үлдээд байгаа нь монгол үзэгчдийн анхаарлын төвд байна.
Шүүгчид ба үзэгчдийн санал 50:50 харьцаатай нөлөөлнө
Эцсийн шатны дүнг шүүгчдийн оноо болон үзэгчдийн саналыг тэнцүү, адил эрхтэйгээр нэгтгэн гаргах журамтай. Дуулалтын ур чадвар, тайзны гүйцэтгэлийг мэргэжлийн шүүгчид дүгнэж, нийт онооны 50 хувийг бүрдүүлэх бол үлдсэн 50 хувийг үзэгчдийн өгсөн санал шууд тодорхойлох юм.
Гэвч Монгол Улсын нутаг дэвсгэрээс саналын систем рүү шууд нэвтэрч, онлайнаар саналаа өгөх боломжгүй байгааг мэдээлжээ. Гэсэн ч гар утсан дээрээ VPN ашигласнаар саналын платформ руу холбогдож, И.Мишээлд дэмжлэг үзүүлэх боломжтой гэж зохион байгуулагч талын мэдээлэлд дурдсан байна.
Гадаадад байгаа монголчуудын дэмжлэг
Хилийн чанад дахь монголчуудын хувьд гар утсаараа шууд саналаа өгөх боломж нээлттэй хэвээр байгаа аж. Ийнхүү гадаадад амьдарч, ажиллаж, суралцаж буй монголчууд өөр өөр улсаас нэгдэн эх орныхоо дуучныг дэмжих боломжтой байна.
Уралдааны дүрмийн дагуу сүүлийн шатанд оролцогчид өөрсдийн зохиосон бүтээлийг тайзнаа дуулах ёстой. И.Мишээл энэ шатанд “Монгол” нэртэй өөрийн шинэ уран бүтээлийг толилуулахаар бэлтгэж, эх орныхоо нэрийг цуурайтуулахдаа бэлэн болжээ.