Crayon Pop хамтлагийн гишүүн, дуучин Чу А умайн хүзүүний хорт хавдрын эмчилгээ хийлгэснийхээ дараа ихэр хөвгүүдтэй болсноо олон нийтэд мэдээлжээ. Тэрбээр энэ сарын 27-нд цахим хуудсаараа дамжуулан баярт мэдээгээ хуваалцсан байна.
Тэр энэ тухайгаа “Өхөөрдөм хөөрхөн 2.46 кг болон 2.38 кг хөвгүүд. Тэд чангаар уйлж, эрүүл саруул энэ орчлонд ирлээ. Тэд эрчимт эмчилгээ шаардлагагүй эцэг, эхийнхээ дэргэд байгаа. Надад эсэн мэнд амаржихыг ерөөж байсан бүхий л хүмүүстээ баярлалаа” гэжээ. Түүний мэдээлснээр ихэр хөвгүүд эрүүл саруул төрсөн бөгөөд одоогоор тусгай эмчилгээ шаардалгүйгээр аав, ээжийнхээ дэргэд байгаа аж.
Чу А 2012 онд өвөрмөц өнгө төрхөөрөө танигдсан Crayon Pop хамтлагийн гишүүнээр уран бүтээлийн гараагаа эхлүүлж байсан. Харин 2021 онд өөрөөсөө зургаан насаар ах бизнесмэнтэй гэр бүл болсон бөгөөд удалгүй умайн хүзүүний хорт хавдартай гэж оношлогдон мэс засал хийлгэжээ. Дараа нь хорт хавдраа даван туулсны дараах үе шатанд үр шилжүүлэн суулгах аргыг сонгож, ийнхүү ихэр хөвгүүдтэй болсон тухай мэдээлэгдсэн байна.
