i-dle хамтлагийн гишүүн Юци Бангкок хотод болсон тоглолтын үеэр тайзны тоног төхөөрөмжид толгойгоо гэмтээсэн нь тодорхой боллоо. Тэрээр уг явдлын дараа өөрийн биеийн байдлын талаар гуравдугаар сарын 24-нд сошиал сүлжээгээр дамжуулан мэдээлж, фенүүдээ тайвшруулахыг зорьжээ.
Тоглолтын дараах зурагт Юци толгой дээрээ мөстэй жин тавьсан байдалтай харагдсан байна. Түүний хэлснээр эхэндээ бага зэргийн хавдар үүссэн ч дараагийн өдөр нь толгой эргэх, хүчтэй өвдөх шинж тэмдэг илэрчээ. Өвчин намдаах эм уусны дараа хэсэг хугацаанд дээрдсэн ч ажлын дараа шинж тэмдгүүд дахин сэдэрч, улам хүчтэй болсон байна.
Үүний дараа тэрээр нөхцөл байдлын ноцтойг ойлгож, эмнэлэгт хандан нарийн шинжилгээ хийлгэсэн бөгөөд эмч нар амрах, биеийн байдлаа ажиглах шаардлагатай гэж зөвлөжээ. Юци фенүүдээсээ уучлалт хүсэж, тэднийг санаж байгаагаа илэрхийлэн аль болох хурдан эдгэрч эргэн ирэхийг хүсэж буйгаа мэдэгдсэн байна.
Гуравдугаар сарын 25-нд Хятадын “Keep Running” шоуны албан ёсны хуудсанд Юци толгойн гэмтлийн улмаас 14-р улирлын эхний зураг авалтад оролцох боломжгүй болсон тухай мэдээлэл нийтлэгджээ.
Мөн фенүүдийн зүгээс Юци энэ аялан тоглолтын хугацаанд хэд хэдэн удаа гэмтэл авсан гэж онцолж байна. Тухайлбал Сөүлд болсон тоглолтын үеэр өвдгөө зүссэн, Тайбэйд галт наадам хэт ойр дэлбэрсэн, Бангкокт толгойгоо мөргөсөн зэрэг тохиолдлууд гараад байгаа бөгөөд фенүүд агентлаг хангалттай аюулгүй байдлыг хангаагүй гэж шүүмжилж байна.
Түүнчлэн толгойн гэмтлийн дараа Юциг шууд эмнэлэгт хүргээгүй, гурван өдрийн турш зөвхөн өвчин намдаах эм өгсөн нь фенүүдийн дургүйцлийг улам нэмэгдүүлжээ. Үүний улмаас CUBE Entertainment агентлагийг уран бүтээлчдийн аюулгүй байдлыг хангах тал дээр хариуцлагагүй хандсан гэж буруутгаж, хамгаалалтын арга хэмжээг сайжруулахыг шаардсан байна.
