Тайванийн хэвлэлүүд I-DLE хамтлагийн гишүүн Шүхуа буюу Е Шүхуа жүжигчин Кай Котой 2024 оноос хойш нууцаар үерхэж байгаа байж магадгүй гэх мэдээлэл цацсанаар олон нийтийн дунд шинэ шуугиан өрнөлөө.
Мэдээлэлд дурдсанаар Шүхуа гэх бүсгүй бүр цуурхалд нэр холбогдоод буй жүжигчний гэр бүлийнхэнтэй уулзсан байж болзошгүй аж. Түүнчлэн Кай Когийн ээж Шүхуаг ааш зан сайтай хүн хэмээн сайшаасан гэх мэдээлэл ч гарсан байна.
Энэ цуурхал өмнөх яриануудыг дахин сөхөхөд хүргэлээ. 2024 оны зургаадугаар сард Шүхуаг Кай Когийн зохион байгуулсан хувийн төрсөн өдрийн үдэшлэгт Тайванийн хэд хэдэн алдартантай хамт оролцсон гэж мэдээлж байсан юм. Мөн тухайн үед жүжигчин залуу сошиал орчинд түүнтэй сэтгэгдлээр харилцаж байсан нь фенүүдийн анхаарлыг татаж байв.
Гэсэн ч тэр үед Шүхуагийн агентлаг болох Cube Entertainment хайр дурлалын холбоотой гэх мэдээллийг үгүйсгэж байсан байна.
Кай Когийн хувьд 1991 онд төрсөн бөгөөд тэрээр You Are the Apple of My Eye кинонд Ко Чин Тэнгийн дүрийг бүтээснээр Азийн хэмжээнд өргөн танигдсан юм. Гэвч түүний карьер замналд хувийн асуудлууд сөргөөр нөлөөлж байсан. Тухайлбал, 2014 онд Жеки Чаны хүү Жейси Чантай холбоотой дуулиант хар тамхины хэрэгт нэр нь холбогдож, олны анхаарлын төвд орж байжээ.
Одоогоор Шүхуа, Кай Ко нарын харилцааны талаар албан ёсны шинэ баталгаа гараагүй байгаа ч Тайванийн хэвлэлүүдийн энэ удаагийн мэдээлэл фенүүдийн дунд яриаг дахин хүчтэй өдөөж байна.
