Нүүр хуудас K-popJay Park зургаадугаар сарын 20-нд Монголд тоглоно: түүний замналын онцлох баримтууд

Jay Park зургаадугаар сарын 20-нд Монголд тоглоно: түүний замналын онцлох баримтууд

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

“Super Concert 2026”-ийн эхний зарлагдсан уран бүтээлчээр Jay Park тодров

К-попын хамгийн танигдсан соло уран бүтээлчдийн нэг Jay Park энэ зун Монголд тоглолтоо хийхээр боллоо. Тэрээр “Super Concert 2026” арга хэмжээний хүрээнд үзэгчидтэй уулзах бөгөөд тоглолт зургаадугаар сарын 20-нд болох юм.

Өмнө нь Монголын тайзнаа Bigbang хамтлагийн Taeyang, к-попын хүчирхэг хоолой Ailee, хоёрдугаар үеийн төлөөлөл T-ara, мөн Rain, Bloo зэрэг дэлхийд танигдсан уран бүтээлчид хүрэлцэн ирж байсан. Эдгээр тоглолтыг Солонгос, Монголын хамтарсан албан ёсны Evandis энтертайнмент “Super Concert” төслийн хүрээнд зохион байгуулж байжээ.

Хэдхэн жилийн өмнө ийм хэмжээний уран бүтээлчдийг эх орондоо үзнэ гэдэг бараг боломжгүй мэт санагддаг байсан бол одоо Монголын үзэгчид дэлхийн хэмжээний оддыг тайзнаа хүлээн авах боломжтой болсон нь энэ салбарын хувьд том өөрчлөлт болж байна. Энэ жилийн “Super Concert”-ийн хамгийн эхний зарлагдсан уран бүтээлч нь Jay Park боллоо.

Jay Park гэж хэн бэ

Түүний жинхэнэ нэрийг Пак Жэ Бом гэдэг. Тэр 1987 оны дөрөвдүгээр сарын 25-нд АНУ-д төрж өссөн бөгөөд дуучин, реппер, бүжигчин, жүжигчин, модель, дууны үг зохиогч, хөгжмийн зохиолч гээд олон талын авьяастай уран бүтээлч юм. Өсвөр насандаа тэр b-boy урсгалын бүжгээрээ танигдаж эхэлсэн байдаг.

Дараа нь тэр Өмнөд Солонгосын хамгийн том агентлагуудын нэг болох JYP Entertainment-д дадлагажигчаар элсэж, 2008 онд 2PM хамтлагийн гишүүнээр дебютээ хийжээ. Jay Park хамтлагийн ахлагч байсан бөгөөд энэ үеэс түүний нэр хүнд эрчимтэй өсөж эхэлсэн байна.

2PM-ээс гарсан нь түүний карьерыг зогсоогоогүй, харин өөр зам руу эргүүлжээ

Хамтлагтаа дебют хийснээс хойш жилийн дараа түүний Myspace хуудас дээр 2005 онд Солонгосын талаар бичиж байсан таагүй утгатай зурвас олон нийтэд тарсан байна. Найздаа англиар бичсэн тэр зурвасыг Солонгосын хэвлэлүүд орчуулан тараажээ.

Jay Park энэ талаар тайлбар хийхдээ анх Солонгост ирж бэлтгэгдэж байх үедээ шинэ орчинд дасан зохицох үнэхээр хэцүү байсан, соёл болон харилцааны ялгааг бүрэн ойлгож амжаагүй, гэр бүл, хуучин найз нөхдөө маш их санадаг байсан гэж хэлэн уучлал хүссэн байна. Гэсэн ч олон нийтийн дарамт, шүтэн бишрэгчдийн шаардлагын улмаас тэр хамтлагийн үйл ажиллагаанаас хөндийрч, эцэст нь 2010 оны эхээр 2PM-ийг албан ёсоор орхисон юм.

Түүнийг гарсны дараа 2PM анхны бүрэн хэмжээний цомгоо “1:59PM” хэмээн нэрлэж, үүнийг Jay Park-тэй холбоотойгоор тайлбарлаж байжээ. Мөн “Again & Again” дууны жилийн эцсийн үзүүлбэрүүд дээр тэд түүнд талархаж явдгаа, эргэн ирээсэй гэж хүсэж байгаагаа илэрхийлдэг байсан. Mnet Asian Music Awards дээр хүртэл Jay Park-т зориулан хүндэтгэл үзүүлж, үзүүлбэрийн үеэр түүний зогсдог байрлалыг гэрэлтүүлэн, дуулалтын хэсгийг нь хоосон үлдээж байсан гэдэг.

Сонирхолтой нь, хожим хэвлэлүүд анхны зурвас буруу орчуулгатайгаар тархсан тухай хөндөж эхэлсэн бөгөөд зарим фенүүд ч түүнийг хамтлагтаа эргэн нэгдэхийг хүсэж байв. Гэвч Jay Park өөрийн соло замналаа эхлүүлэхээр шийдсэн байна.

YouTube-ээс эхэлсэн соло эргэн ирэлт нь түүнийг шинэ түвшинд гаргав

2010 оны гуравдугаар сард Jay Park B.o.B-ийн “Nothin’ on You” дууг өөрийн бичсэн үгээр коверлон YouTube-д байршуулсан нь маш хурдан алдаршжээ. Тухайн видео ердөө 24 цагийн дотор хоёр сая хандалт авч, томоохон хөгжмийн чартуудад хүртэл дээгүүр бичигдсэн байна.

Үүний дараа тэр 2010 оны долоодугаар сард SidusHQ агентлагтай гэрээ байгуулж, соло дуучин болон жүжигчний карьераа эхлүүлсэн юм. Дараа жил нь анхны мини цомог болох “Take a Deeper Look”-ээ гаргаж, нэр хүндээ бүр ч тэлсэн бөгөөд улмаар дэлхийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн амжилттай соло артист болж чадсан байна.

Кино, цувралд ч тоглож байсан

Jay Park зөвхөн хөгжмөөр хязгаарлагдаагүй. Тэр 2011 онд “Mr. Idol” кинонд тоглож жүжигчнээр дебютээ хийжээ. Мөн тэр жилээ “Vampire Idol” цувралд оролцсон бол 2014 онд “Hype Nation 3D” кинонд тоглосон байна.

Хамгийн сүүлд тэр Netflix-ийн “Boyfriend on Demand” цувралд Jisoo-тэй хамтран тоглож, түүний төсөөллийн найз залуугийн дүрийг бүтээсэн юм.

Монголын үзэгчид түүнийг энэ зун тайзнаа үзнэ

Jay Park карьерынхаа туршид Jeon Somi, Chung Ha, IU зэрэг олон уран бүтээлчтэй хамтран ажиллаж, өөрийн өнгө аяс, тайзны эрч хүч, төрлөө чөлөөтэй хольдог хэв маягаараа ялгарсаар ирсэн.

Ийнхүү К-попын хамгийн онцгой соло уран бүтээлчдийн нэг энэ зун Монголын тайзнаа гарч, үзэгчидтэй шууд уулзахаар болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх