Өмнөд Солонгосын к-поп салбарыг тодорхойлдог хамгийн нөлөө бүхий дөрвөн агентлаг болох “Hybe”, “YG Entertainment”, “SM Entertainment”, “JYP” компаниуд хүчээ нэгтгэн шинэ томоохон санаачилга эхлүүлэхээр болжээ. Тэд “Fanomenon” нэртэй хамтарсан төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаагаа пүрэв гарагт мэдэгдсэн байна.
“JYP”-ийн үүсгэн байгуулагч, уг хорооны хамтран даргалагч Пак Жин Ён энэ санаачилгаа анх өнгөрсөн оны аравдугаар сард танилцуулж байсан юм. “Fanomenon” гэх нэр нь “fan” болон “phenomenon” гэх хоёр үгийг нэгтгэсэн хэлбэр бөгөөд шүтэн бишрэгчид болон соёлын хүчтэй үзэгдлийг илэрхийлж буй аж.
Өмнөд Солонгост дэлхийн хэмжээний хөгжмийн наадам зохион байгуулах зорилт тавьжээ
Энэхүү санаачилгын хүрээнд 2027 оны арванхоёрдугаар сараас өмнө Өмнөд Солонгост асар том цар хүрээтэй хөгжмийн наадам зохион байгуулахаар төлөвлөж байна. Урьдчилсан мэдээллээс харахад энэ арга хэмжээ нь “Coachella” зэрэг олон улсын томоохон фестивальтай өрсөлдөхүйц түвшинд хүрэх зорилготой бололтой.
Дөрвөн агентлаг уг төслөө к-поп соёлыг дэлхийн зах зээлд илүү өргөн хүрээнд тэлэх шинэ боломжийг эрэлхийлсэн хамтын ажиллагааны загвар гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, энэ нь зөвхөн нэг удаагийн наадам төдий бус, к-попын дэлхийн нөлөөг дараагийн шатанд гаргах урт хугацааны стратегийн эхлэл байж мэдэх юм.