Нүүр хуудас K-popKATSEYE Грэммийн тайзыг шуугиуллаа, K-pop-ын шинэ эрин

KATSEYE Грэммийн тайзыг шуугиуллаа, K-pop-ын шинэ эрин

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Грэммийн тайзан дээрх хүчтэй дебют

HYBE болон Geffen Records-ийн хамтарсан дэлхийн охидын хамтлаг KATSEYE Грэммийн тайзан дээрх үзүүлбэрээрээ хөгжмийн ертөнцийн анхаарлыг өөрсөд дээрээ бүрэн татжээ. АНУ-ын Лос Анжелес хотын Crypto.com Arena-д болсон 68 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолын үеэр тэд “Шилдэг шинэ уран бүтээлч” төрөлд нэр дэвшин, “Gnarly” дуугаа толилуулж, танхим дүүрэн алдартнуудын алга ташилтыг хүртэв.

Хоёр жил ч хүрээгүй богино хугацаанд хөгжмийн тавцанд гарч ирсэн хамтлагийн хувьд Грэммийн нэр дэвшигч боллоо гэдэг өөрөө онцгой амжилт. Тэр дундаа “Шилдэг шинэ уран бүтээлч” нь Грэммийн хамгийн том дөрвөн ангилал багтдаг шагналын нэг учир энэхүү нэр дэвшил K-pop урсгалын дэлхийн нөлөөг шинэ түвшинд гаргаж буй явдал боллоо. KATSEYE нь энэ төрөлд нэр дэвшсэн анхны K-pop хамтлаг байгаад зогсохгүй K-pop “дэлхийн төсөл” хэлбэрийн анхны Грэммийн нэр дэвшигчид болж байна.

“Gnarly” дуугаар үзэгчдийг хөдөлгөөнд оруулсан нь

KATSEYE тайзнаа гарсан мөчөөсөө л танхимын уур амьсгалыг эрс өөрчилж, хүчтэй хэмнэлтэй амьд тоглолтоороо “Gnarly”-г толилуулжээ. Даниела, Лара, Манон, Меган, София, Юнчае гэсэн зургаан гишүүн амьд хоолой, хүчтэй эргэлттэй, ташаа, биеийн бүх хөдөлгөөнийг ашигласан уян хатан бүжиг, акробат хосолсон завсарлагуудаар үзэгчдийн нүдийг салгахын аргагүй болгосон.

Тэдний эрч хүчтэй хөдөлгөөн, амралтгүй хөтөлсөн хамтлаг бүжиг, хэмнэлээ алдалгүй дуулсан гүйцэтгэлд танхимын суудлаас үзэж байсан нэртэй поп одууд хүртэл гайхсан төрхтэйгөөр хэмнэлийг нь дагуулж алга ташиж байсан нь камерын дүрсэнд тод үлдэв. K-pop продакшны гайхалтай найруулга, барууны тайз засалт хосолсон энэ тоглолтыг олон улсын хэвлэлүүд Грэммийн тайзан дээрх “шинэ үеийн K-pop тоглолтын жишиг” хэмээн тодорхойлж байна.

Солонгосын мэргэжилтнүүдийн үнэлгээ

Грэммийн шууд дамжуулалтыг хөтөлсөн Mnet-ийн студид ч KATSEYE-ийн үзүүлбэр гол сэдэв болов. Поп хөгжмийн шүүмжлэгч Ким Юн-ха “Дууны сонголт нь тоглолтын хүчийг тодотгож өгсөн. Тэдний тайзан дээрх өөртөө итгэх итгэл, эрч хүчийг тодорхой мэдэрсэн” хэмээн дүгнэж, амьд гүйцэтгэл, биеэ авч явах байдал нь аль хэдийн дэлхийн түвшинд хүрснийг онцолсон.

Хөтлөгч Шин А-ён ч мөн “Тэд бол загварлаг, орчин үеийн чиг хандлагатай” гэж хэлж, KATSEYE-гийн дүр төрх, загвар, тайзны эрч хүч өнөөгийн залуу үеийн поп соёлын чиг хандлагыг илэрхийлж байгааг онцоллоо.

Улаан хивсний өөр дүр: дэгжин, урам өгсөн мессеж

Үндсэн тоглолтын өмнө улаан хивсний ёслолд гарч ирэхдээ KATSEYE тайзны хүчтэй, тод хэв маягаасаа огт өөр өнгө аясыг харуулсан. Зургаан гишүүн бүгд цагаан торгон, цэмцгэр даашинзтай, минимал шийдлээр дэгжин, эмэгтэйлэг, “уламжлалт” оддын улаан хивсний төрхийг сонгосон нь олон хүний анхаарлыг татав.

Тэд ярилцлагын үеэр: “Энэхүү номинациар дамжуулан бидэнтэй адилхан, мөрөөдлөө хуваалцдаг хүмүүст урам зориг өгөхийг хүсэж байна. Юу ч боломжтой. Өөртөө итгэж, хэн нэгэн таныг хэн болохыг тодорхойлохыг хэзээ ч бүү зөвшөөр” гэж хэлснээр зөвхөн өөрсдийн амжилтаа бус, тэднийг дагаж мөрөөдөлдөө явж буй олон залууст чиглэсэн мессеж илгээсэн.

Чарт, арга хэмжээ, брэнд: KATSEYE-ийн өсөлт

Сүүлийн нэг жилийн хугацаанд KATSEYE хөгжмийн салбар, арга хэмжээнүүд, загвар, брэндийн түвшинд бүх талдаа эрчимтэй өсжээ. “BEATIFUL CHAOS” хоёр дахь цомог нь 2025 оны долдугаар сарын 12-нд “Billboard 200” чартад 4-р байрт бичигдэж, Америкийн зах зээл дээрх байр сууриа баталгаажуулсан бол “Gabriela” сингл нь 2026 оны нэгдүгээр сарын 17-нд “Hot 100” жагсаалтын 21-р байранд орж, өөрсдийн дээд амжилтыг шинэчилсэн.

Нэгдүгээр сард гаргасан “Internet Girl” бүтээлээрээ тэд Их Британийн “Official Singles Top 100” чартад 24-р байранд бичигдэн, Европын зах зээл дээрх нөлөөгөө улам тэлэв. Үүн дээр нэмээд “2025 Lollapalooza Chicago”, “2025 Summer Sonic” зэрэг дэлхийн нэр хүндтэй арга хэмжээнүүдийн тайзнаа тоглосноор “дараагийн үеийн поп дүрүүд” гэх үнэлгээг бодитой болгосон.

GAP-тай хамтран хэрэгжүүлсэн “Better in Denim” хамтрал нь нийгмийн сүлжээнд хүчтэй тархаж, KATSEYE-гийн загварын талын нөлөөг илүү тодруулсан. MTV Video Music Awards-аас “Оны шилдэг PUSH Performance” шагнал хүртэж, Хойд Америкийн анхны аялан тоглолт “Beautiful Chaos Tour”-ын бүх тасалбар дууссан нь тэдний шүтэн бишрэгчид аль хэдийн дэлхийн хэмжээний хэмжээнд хүрснийг харуулж байна.

K-pop арга зүй болон “олон гэр, олон төрөл” стратегийн амьд жишээ

KATSEYE-г Бан Ши Хёк захирал баримталдаг “олон гэр, олон төрөл” стратегийн амжилттай хэрэгжилтийн гол жишээ хэмээн тодорхойлж байна. K-pop-ын суурин дээр, улс улсынхаа хөгжим, гоо зүй, дүр төрхийн хослуулсан энэхүү хамтлаг шууд дэлхийн тавцанд чиглэсэн шинэ хэлбэрийг нээжээ.

Одоогоор KATSEYE 2026 оны iHeartRadio Music Awards-д дөрвөн төрөлд нэр дэвшээд байгаа бөгөөд дөрөвдүгээр сард болох “Coachella Valley Music and Arts Festival”-ын тайзанд гарахаар бэлтгэж байна. Грэммийн тайзан дээрх хүчтэй дэбют нь тэдний хувьд зорилгодоо хүрэх замын зөвхөн нэг шат гэдгийг харуулж, K-pop-ын дэлхийн нөлөө цаашид ч улам нэмэгдэх дохио болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх