Netflix-ийн өндөр хүлээлттэй “Physical Asia” шоу нэвтрүүлгийн сүүлийн гурван анги өчигдөр цацагдаж, аваргуудаа тодруулснаар олон улсын өрсөлдөөнд Монголын нэрийг дуудуулсан мөчүүд албан ёсоор түүх болон үлдлээ.
Биеийн хүч, сэтгэлийн тэсвэр, багийн эв нэгдлээр өрсөлддөг тус шоу нэвтрүүлэгт манай улсаас Улсын арслан Б.Орхонбаяр ахлагчтай Монголын баг оролцож, хамгийн сүүлийн мөч хүртэл түрүүгийн төлөө тэмцсэний эцэст хоёрдугаар байрыг эзэллээ.
Шоу нэвтрүүлгийн финал ба ялагч баг
“Physical Asia” шоу нэвтрүүлэгт Австрали, Япон, Монгол, Турк, БНСУ, Филиппин, Тайланд, Индонез гэсэн найман улс оролцож, олон долоо хоногийн турш биеийн хүч, авхаалж самбаа, сэтгэлзүйн тэсвэр шалгасан олон сорилын давааг давсан.
Эцсийн шатанд ширүүн өрсөлдөөний дараа БНСУ-ын баг түрүүлж, 1 тэрбум воны шагналын эзэд боллоо. Тэд финалын сорилуудыг амжилттай давж, багийн зохион байгуулалт, биеийн өндөр бэлтгэлийг харуулсан гэж үзэгчид болон шинжээчид үнэлж байна.
Монголын багийн дэд байр – бахархал төрүүлсэн амжилт
Манай улсын багийг ахалсан Улсын арслан Б.Орхонбаярын удирдсан Монголын баг сүүлийн мөч хүртэл түрүүгийн төлөө өрсөлдөж, дэд байрт шалгарсан нь спорт, энтертайнментийг хослуулсан олон улсын томоохон шоу дээр монгол тамирчдын чадвар, сэтгэлзүй, багийн тоглолтыг тод харуулсан амжилт боллоо.
Монголын багийн оролцоо, тууштай байдал нь зөвхөн дэд байр эзэлсэн гэсэн тоон үзүүлэлтээр хэмжигдэхгүй, харин дэлхийн үзэгчдэд Монголын тамирчдын бие бялдар, тэсвэр хатуужил, эв нэгдлийг харуулсан томоохон сурталчилгаа болж өнгөрлөө гэж хэлж болно.