Зөвлөлтийн үеийн сонгодог хүүхэлдэйн киноны баатар Чебурашкагийн угсаа гарлын тухай маргаан саяхан Оросын парламентын сонсгол дээр хүртэл яригдаж, улстөрийн хэлэлцүүлгийн сэдэв болжээ. Нэгэнт хүүхдийн дүр байсан зүйл ийнхүү “хэн гаралтай вэ” гэсэн улс төр, түүх, бэлгэдэл хосолсон дуулианы төвд орсон нь олон нийтийн анхаарлыг хүчтэй татав.
Төсвийн сонсголоос эхэлсэн “жүржийн хайрцагны” маргаан
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт болсон Төрийн Думын төсвийн сонсголын үеэр дотоодын тоглоом үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх уралдааны санхүүжилтийн талаар хэлэлцэж байхдаа асуудал огт өөр зүг рүү “эргэжээ”.
Яг энэ үед Думын төсөв, татварын байнгын хорооны дарга Андрей Макаров Чебурашкагийн угсаа гаралтай холбоотой байр сууриа илэрхийлж, энэхүү хүүхэлдэйг жүүд хүн гэж шуудхан тодорхойлсон байна.
Тэр:
“Зөвлөлт Холбоот Улс жүржийг хаанаас импортолдог байсныг та нар санаж байна уу? Ганцхан улсаас авдаг байсан. Тэр нь Израил. Чебурашка жүржийн хайрцгаас гарч ирсэн тул жүүд хүн юм”
хэмээн тайлбар өгчээ.
Түүний энэ үг яг сонсголын танхимд ч, удалгүй интернет орчинд ч маргаан дагуулсан бөгөөд парламентын албан ёсны хэлэлцүүлгийн үеэр хүүхэлдэйн баатрын “угсааг” ийнхүү улс төржүүлэн ярих нь зохистой эсэх талаар ч олон хүн санал бодлоо илэрхийлсэн байна.
Жүрж зөвхөн Израилиас ирдэг байсан уу?
Макаторовын энэхүү мэдэгдэлтэй бусад хууль тогтоогчид тэр даруйд нь санал үл нийлжээ. Тэдний хэлж байгаагаар Зөвлөлтийн үед жүржийг дан ганц Израилиас бус, Испани, Марокко зэрэг маш олон орноос импортолдог байсан гэдгийг сануулсан байна.
Гэсэн ч Макаров өөрийн байр сууринаас ухарсангүй, энэ эсэргүүцлийг няцааж, Чебурашкагийн дүр төрх, гарал үүсэлтэй холбоотой “Израил–жүрж–жүүд” гэсэн бэлгэдэл утгыг үргэлжлүүлэн хамгаалсан нь олон нийтийн дунд маргааныг улам лавшруулжээ.
Израилийн консул хүртэл тайлбар өгөхөд хүрэв
Парламент доторх богинохон маргаан удахгүй Оросын сошиал орчинд эрчтэй тархаж, хошигнол, шүүмжлэл, эргэцүүлэл хосолсон хэлэлцүүлэг болон хувирсан юм.
Энэхүү шуугианы улмаас Санкт Петербург дахь Израилийн Ерөнхий консул Ран Гидор албан байр сууриа илэрхийлж, “Чебурашка үнэхээр жүүд үү?” гэсэн асуултад хариу хэлэхээс аргагүйд хүрчээ.
Тэр РИА Новости агентлагт ярихдаа Чебурашкагийн дүрийг бүтээсэн уран бүтээлч Леонид Шварцман өөрөө Зөвлөлтийн жүүд гаралтай хүн байсан гэдгийг баталсан байна. Мөн:
“Зөвлөлтийн цагаачидтай хамт ирсэн Зөвлөлтийн хүүхэлдэйн киноны баатар Израильд алдаршсан нь эргэлзээгүй”
хэмээн онцолж, Чебурашка Израильд үнэхээр танигдсан, хайрлагддаг дүрийн нэг гэдгийг дурджээ.
Гэвч Гидор үүгээр зогссонгүй, хошигнол хэлбэрээр: Чебурашкагийн угсааг баттай тогтоох цорын ганц арга нь түүнийг “хөвчөө хөндүүлсэн эсэх, кошер уламжлалын дагуу хооллодог эсэхийг шалгах явдал” хэмээн ёжтойгоор өгүүлсэн нь нэмж дуулиан тарьсан байна.
Чебурашка – жүүдийн бэлгэдэл үү, эсвэл зүгээр нэг үлгэрийн дүр үү?
Чебурашкатай холбоотой “жүүд” гэх ойлголт огтхон ч шинэ зүйл биш аж. Энэ таамаг анх 2018 онд илүү тодорхой хэлбэр авч, олон нийтийн анхааралд орсон байна.
Тухайн онд судлаач, эрдэмтэн Майя Балакирский Кац “Tablet Magazine” сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлдээ Чебурашкагийн дүрийг зориуд Зөвлөлтийн нийгэм дэх жүүд хүмүүсийн амьдрал, байдалтай зүйрлэн бүтээсэн байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлжээ.
Тэрээр Жаффа сортын жүрж нь Зөвлөлтийн жүүдүүдийн дунд Сионизмын бэлгэдэл болж байсан талаар судалж, Чебурашкагийн анх жүржийн хайрцганд сууж байгаагаар гарч ирдэг нь санамсаргүй шийдэл биш байж болохыг онцолсон. “Союзмультфильм”-ийн сонгодог хүүхэлдэйн кинонд Чебурашка яг ийм байдлаар, импортын жүржийн хайрцгаас “гараад ирдэг” нь түүний хэлж буй бэлгэдэлтэй давхцаж байгаа юм.
Дүрийн төрх ба Зөвлөлтийн жүүдүүдийн бэлгэдэл
Балакирский Кацын тайлбарт Чебурашкагийн гадаад төрх ч тодорхой бэлгэдэл дагуулдаг гэж үздэг. Түүний хэлснээр, хагас баавгай, хагас жүрж мэт, тодорхой нэг төрөл зүйлийн амьтан биш мэт харагдах холимог дүр төрх нь Зөвлөлтийн паспорт дээр үндэс угсаагаа “жүүд” гэж бичүүлдэг байсан хүмүүсийн нөхцөл байдалтай дүйцэх шинжтэй.
Тэрээр өгүүлэлдээ: киноны турш Чебурашка өөрийнхөөрөө амьдрах, нийгэмд бүрэн хүлээн зөвшөөрөгдөх боломжийг нь хязгаарласан саад бэрхшээлтэй байнга тулгардаг нь жүүдүүдийн ялгаварлалт, гадуурхалтыг бэлгэдэж байна хэмээн тайлбарлажээ.
Мөн амьтны хүрээлэн Чебурашкаг хүлээж авахаас татгалздаг хэсгийг дурдсан бөгөөд үүнийг Зөвлөлтийн нийгэм жүүд иргэдийг тодорхой байгууллага, орчинд оруулахгүй, системтэйгээр шахан хавчдаг явдлын уран бэлгэдэл гэж үзсэн байна.
Уран бүтээлийн тайлбар улс төрийн маргаан болж хувирсан нь
Эхэндээ судлаачдын түвшинд өрнөж байсан “Чебурашка жүүд үү?” гэх тайлбар, бэлгэдлийн тухай яриа хожим улс төрийн индэр, албан ёсны сонсгол дээр хүртэл хөндөгдөж, парламентын төвшинд маргаантай сэдэв болон хувирлаа.
Кино урлагийн бүтээлийг нийгмийн түүхэн нөхцөл байдал, үндэсний онцлог, улс төрийн бодлоготой холбон тайлбарлах нь шинэ үзэгдэл биш ч, Оросын парламентад хүүхэлдэйн киноны баатрын угсаа гарлын тухай ийнхүү халуун мэтгэлцээн өрнөсөн нь олон хүний хувьд санаанд багтамгүй, сонин содон үйл явдал байв.
Үүний зэрэгцээ, Чебурашкагийн дүр өнөөдөр ч өөр өөр үеийн, өөр өөр орны хүмүүст ямар утгаар, ямар бэлгэдлээр харагдаж байгааг харуулах нэгэн сонирхолтой жишээ болж байна.