Дэлхийн хэмжээний цахим спортын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох BLAST.tv Austin Major 2025 өнөөдөр, зургаадугаар сарын 3-ны өдөр АНУ-ын Остин хотод албан ёсоор эхэлж байна. Энэ удаагийн тэмцээн нь Counter-Strike 2 хувилбар дээр зохиогдож буй гурав дахь Мажор бөгөөд нийтдээ 22 дахь удаагийн тэмцээн юм. Шинэчилсэн бүтэцтэйгээр зохион байгуулагдаж буй тус тэмцээнд Монгол Улсаас анх удаа хоёр баг зэрэг оролцож байгаа нь түүхэн үйл явдал болон тэмдэглэгдэж байна. Тодруулбал, дэлхийн шилдэг 32 багийн дунд The MongolZ болон Chinggis Warriors багууд хүч сорих гэж байна.
Тэмцээнийг BLAST.tv болон Valve хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаад багийн тоог нэмэгдүүлэн гурван шаттай швецарь системээр өрнүүлэхээр шийдвэрлэсэн. Эхний шатны тоглолтууд Best of 1 форматаар явагдах бол шийдвэрлэх ба хасагдах шатны тоглолтууд Best of 3 форматаар явагдана. Шат бүрээс найман баг дараагийн шат руу шалгарах бол ялагдсан найман баг тэмцээнээ өндөрлүүлнэ. Плейофф шат нь шууд хасагдах журмаар явагдах бөгөөд гуравдугаар байрны төлөө тоглолт зохиогдохгүй.
The MongolZ баг энэ тэмцээнд чансаагаараа дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж байгаа бөгөөд гуравдугаар шатнаас шууд оролцох эрхтэй болсон. Тус багийн албан ёсны ивээн тэтгэгчээр олон улсын хэмжээний спортын бооцооны компани болох 1xBet ажиллаж байгаа бөгөөд тэдний дэмжлэгтэйгээр The MongolZ баг бэлтгэл сургуулилтаа өндөр түвшинд хангасан. Харин анх удаа Мажорт шалгарсан Chinggis Warriors баг тэмцээний эхний шатнаас оролцох бөгөөд тэд өнөөдөр Heroic багтай тоглоно. Тоглолт Улаанбаатарын цагаар 23:00 цагт эхлэх юм.
BLAST.tv Austin Major 2025 тэмцээн зургаадугаар сарын 22-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд нийт шагналын сан 1.25 сая ам.доллар. Аваргын баг 500 мянган ам.доллар хүртэх бол, хоёрдугаар байр 170 мянган долларын шагналтай. Өнгөрсөн таван Мажорт таван өөр баг түрүүлсэн нь энэ удаад шинэ аварга төрөх магадлалыг улам өндөр болгож байна. Тэмцээний гол фаворитоор Vitality баг нэрлэгдэж байгаа бөгөөд тэд энэ жил зургаан томоохон тэмцээнд түрүүлээд байгаа юм.
Тоглолтуудыг зөвхөн ESN – eSports Network-ийн YouTube суваг болон Premier Sports Network 5 сувгаар шууд дамжуулан үзэх боломжтой. Монгол Улсаас оролцож буй The MongolZ болон Chinggis Warriors багууд түүхэн Мажорт өрсөлдөж, дэлхийн тавцанд хүч сорих гэж байна. Үзэгч та ч гэсэн энэ түүхэн мөчийн гэрч болж, Монголын багуудаа дэмжээрэй.