“Гэр бүл миний хувьд үргэлж нэгдүгээрт”
Дуучин, жүжигчин Rain эхнэр Kim Tae Hee-тэйгээ хамт өсгөж буй охидынхоо талаар илэн далангүй ярьж, фенүүдийн анхаарлыг татлаа.
Тэрээр тавдугаар сарын 11-нд SBS-ийн энтертайнмент нэвтрүүлэг “Uh, But Like, Seriously!”-д оролцох үеэрээ гэр бүл, хүүхдүүд, эцэг хүний хувьд баримталдаг зарчмынхаа талаар хуваалцжээ.
Rain “Гэр бүл миний хувьд үргэлж хамгийн түрүүнд байдаг. Мэдээж би хүүхдүүдийнхээ спортын өдөрлөгт очдог” хэмээн хэлсэн байна.
Охидын спортын өдөрлөгт бүх хүчээ дайчилжээ
Rain том охиныхоо сургуулийн спортын өдөрлөгийн тухай дурсахдаа тэнд дуучин Baek Ji Young, жүжигчин Jung Suk Won нарын охин мөн суралцдаг байсан гэж ярьжээ.
Тэрээр Jung Suk Won-той хамт олс таталтын тэмцээнд оролцсон тухайгаа хошигнон дурссан байна.
Rain “Том охины маань сургуульд Baek Ji Young, Jung Suk Won нарын охин бас байсан. Jung Suk Won бид хоёр бараг тусгай хүчнийхэн шиг хүмүүс биз дээ?” хэмээн хэлжээ.
Тэрээр үргэлжлүүлэн “Олс таталт эхлэхээс өмнө Jung Suk Won бид хоёр ‘Өнөөдөр ямар ч байсан хүүхдүүдээ ялуулна’ гэж шийдсэн. Эсрэг талын аавууд тийм ч том биетэй харагдаагүй ч тэмцээн эхлэхэд тэдний багийн ажиллагаа Physical 100 түвшинд байсан” гэжээ.
Ялсан ч охид нь зууш идээд сууж байжээ
Rain-ийн хэлснээр, тэдний багийн зохион байгуулалт сайн байгаагүй ч заавал ялах хүсэлдээ хөтлөгдөн бүх хүчээ дайчилсан байна.
Тэрээр “Манай талын багийн ажиллагаа тийм сайн байгаагүй. Гэхдээ ялахыг хүсээд олсыг гартаа ороож, бүх биеэрээ татсан. Тэгээд ялсан. Jung Suk Won бид хоёр баярлаж байсан ч охид маань зүгээр л зууш идээд сууж байсан” хэмээн ярьж, студид инээд авчирчээ.
Охиддоо тайзан дээрх аавыгаа харуулахыг хүсдэг
Нэвтрүүлгийн үеэр Rain-ээс хүүхдүүд нь аавыгаа алдарт Rain гэдгийг мэддэг эсэхийг асуухад тэрээр охидоо өөрийн тоглолтод авч явдаг гэж хариулсан байна.
Rain “Би хүүхдүүдээ тоглолтдоо авч очдог. Бие минь эрүүл, тайзан дээр алхаж чадаж байгаа үедээ аав нь тайзан дээр ямар харагддагийг харуулахыг хүсдэг. Тэд үнэхээр дуртай байдаг” гэжээ.
“Дунд, ахлах сургуульд үерхэхгүй”
Харин Lee Sang Min түүнээс “Охин чинь найз залуугаа гэртээ авч ирвэл яах вэ?” гэж асуухад Rain охидынхоо үерхлийн талаар хатуу байр суурьтай гэдгээ хэлсэн байна.
Rain “Би энэ тал дээр хатуу. Дунд болон ахлах сургуульд үерхэхгүй. Насанд хүрснийхээ дараа л хэн нэгнийг гэртээ авч ирэх ёстой” гэж хариулжээ.
Тэрээр мөн “Би ч бас дунд, ахлах сургуульдаа үерхэж байгаагүй” хэмээн хошигнож, оролцогчдыг инээлгэсэн байна.