BLACKPINK хамтлагийн Рөүсэ өөрийг нь хамгийн тод илэрхийлдэг имиж болсон шаргал үснийхээ арчилгааны тухай ярьжээ. Цайруулалт их шаарддаг шаргал өнгө нь харахад төгс ч хадгалж барихад хамгийн төвөгтэй төрлийн нэг. Рөүсэ үсээ яаж шаргал хэвээр нь тогтвортой байлгадаг, ямар үйлчилгээ тогтмол хийлгэдэг тухайгаа Worker’s High Club-д саяхан өгсөн ярилцлагынхаа үеэр хуваалцсан байна.
Түүний хэлснээр шаргал өнгөө алдуулахгүйн тулд хоёр долоо хоног тутамд будалт хийлгэх шаардлагатай болдог аж. Гэхдээ тэр байнга салонд очих боломжгүй. Завгүй хуваарь, байнгын ажилтай үеэр үсчиндээ цагтаа амжиж очихгүй тохиолдол гардаг тул үсчин нь өөрийнх нь байгаа газарт ирж үйлчилгээ үзүүлэх хэрэг гардаг гэжээ.
Долоон жилийн турш шаргал үсээ хадгалж яваа Рөүсэ олон улсын нислэгүүд, ялангуяа АНУ руу зорчих үед үсний арчилгаагаа тааруулахад хамгийн их хүндрэлтэй байдаг гэж дурдсан байна. АНУ-д очиход бараг 12 цаг зарцуулдаг ч заримдаа түүнээс ч бага хугацаанд тэнд байгаад буцах шаардлага гардаг тул үсний асуудлаа цаг тухайд нь шийдэхэд амаргүй болдог гэжээ.
Харин хамгийн их анхаарал татсан нь хоёр долоо хоног тутам үсний уганд цайруулалт хийх нь үс, хуйхны эрүүл мэндэд таатай биш гэдэг хэсэг байв. Энэ талаар түүний үсчин Cha Cha анхааруулсан ч Рөүсэ “Олны өмнө сайхан харагдах нь түүнээс ч чухал зүйл” гэж хариулсан тухай ярилцлагад дурдагдсан байна.