BLACKPINK хамтлагийн гишүүд Жэнни болон Лиса нар сүүлийн үеийн нийтлэлүүдээрээ зуны өнгө төрхийг тодотгон, олон нийтийн анхаарлыг татаж байна.
Жэнни АНУ-ын далайн эргийн хувцасны Frankies Bikinis брэндтэй хамтран шинэ цуглуулга гаргахаар болсон бөгөөд гуравдугаар сарын 27-нд “JENNIE x Frankies Bikinis” нэртэй коллекцийн анхны танилцуулгыг хийжээ. Энэхүү мэдээ гармагц дэлхий даяарх фенүүдийн дунд ихээхэн хүлээлт үүссэн байна.
Тэрээр уг коллекцийн талаар “Би эдгээр загваруудыг өөрийн хамгийн дуртай зуны мөчүүдээс сэдэвлэн бүтээсэн. Энгийн хэр нь үзэсгэлэнтэй, хаана ч өмссөн тухтай мэдрэмж төрүүлэхийг хүссэн юм” хэмээн тайлбарласан байна. Мөн “Би ‘уснаас гудамж руу’ гэсэн концепцыг баримталсан. Ингэснээр загваруудыг зөвхөн далайн эрэг дээр бус, өдөр тутмын хувцаслалттайгаа ч гайхалтай хослуулан өмсөх боломжтой” гэж нэмж хэлсэн байна.
Frankies Bikinis-ийн үүсгэн байгуулагч, уран бүтээлийн захирал Франческа Айелло хамтын ажиллагааны талаар “Жэннитэй хамтрах нь нэр төрийн хэрэг. Тэр дэлхийн соёлд ихээхэн нөлөө үзүүлсэн загварын бэлгэ тэмдэг бөгөөд хамтран ажиллах нь үйл явц маш байгалийн бөгөөд сонирхолтой байлаа” хэмээн онцлон тэмдэглэжээ.



Нөгөөтэйгүүр Лиса ч мөн өөрийн Instagram хуудсанд шинэ зураг нийтэлж, анхаарал татлаа. Гуравдугаар сарын 26-нд нийтэлсэн зургууд дээр тэрбээр улбар шар, ногоон өнгө хосолсон судалтай усны хувцастай, амралтын уур амьсгалтайгаар харагдсан байна.
Түүнчлэн Лиса хар торон топыг сул жинстэй хослуулсан, мөр ил гаргасан хар цамцтай бор банзал, цагаан богино даашинз зэрэг олон төрлийн хэв маягийг харуулж, хүчирхэг болон эмэгтэйлэг төрхийг уялдуулан илэрхийлжээ.
BLACKPINK хамтлаг саяхан хоёрдугаар сарын 27-нд гаргасан “DEADLINE” нэртэй гурав дахь мини цомгоороо хөгжмийн ертөнцөд эргэн ирээд байна.


