BLACKPINK хамтлагийн гишүүн Женни жүжигчин Ли Жон Жэтэй хамт авхуулсан зургаа нийтэлсний дараа олон нийтийн анхаарлын төвд орлоо.
Тэрээр энэ сарын 4-нд өөрийн сошиал хуудсандаа хэд хэдэн зураг нийтэлж, “Эцэст нь Симоны Солонгост хийж буй анхны айлчлал” хэмээн бичсэн байна.
Зургууд дээр Женни хар өнгийн, нэвт гэрэлтсэн хэв маягтай хувцас өмсөж, өөрийн танигдсан загварлаг атлаа дэгжин төрхөө дахин харуулжээ.
Тэдгээр зургууд дундаас хамгийн их анхаарал татсан нь арга хэмжээний үеэр Ли Жон Жэтэй зэрэгцэн зогсож, дотно уур амьсгалтайгаар зураг авхуулсан агшин байв. Хоёр алдартны энэ санаанд оромгүй хослол олон хүний сонирхлыг шууд татсан байна.
Үүнээс өмнө Женни Ли Жон Жэтэй холбоотой өөрийн онцгой түүхийг нэгэн нэвтрүүлгийн үеэр ярьж байсан юм. Тэрээр “Миний ээж Ли Жон Жэгийн фен байсан. Ээж маань ‘Sandglass’ драмд түүний бүтээсэн Жэ Хи дүрийг үзээд хүүтэй болбол Жэ Хи гэж нэрлэнэ гэж боддог байсан. Гэтэл охин төрсөн болохоор дуудлага нь төстэй Женни гэдэг нэрийг сонгосон” хэмээн ярьжээ.
Мөн тэр энэ түүхээ Ли Жон Жэтэй биечлэн уулзахдаа өөрт нь хэлж байсан нь ил болж, хүмүүсийн сонирхлыг улам өдөөсөн байна.
