Реппер ThunderZ 2026 оны тавдугаар сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Тэнгри” нэртэй бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж, энэ хүрээнд ижил нэртэй уран бүтээлийн төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн эхний бүтээл болох “Холын холоос” дууг гуравдугаар сарын 18-нд олон нийтэд танилцуулсан байна.
Тэрбээр энэхүү төслийн агуулга, зорилгын талаар өөрийн цахим хуудсаар дамжуулан тайлбарлахдаа “Шинэ үеийн залуустаа мартаж болохгүй түүхийг сэргээн сануулах, бид юу туулж энд ирснийг бага ч болов ойлгуулах, сэтгэл зүрхийг нь хөглөх, ээж ааваа болон бусдыг хайрлах сэдэл суулгах нь бидний цаад хүсэл билээ. Ийм том утга учиртайгаар энэ төсөл явж байгаа учир би болон манай багийн хамт олон минь шантрах эрхгүй билээ. Сайлах муулах хоёрын дундуур санаснаа хийж яваад дуусна даа. Бүтээгч бид урт насгүй ч бүтээлүүд маань урт удаан орших болтугай.
Энх цагийг бүтээх гэж өвгөд минь суман бороон дунд сөрж явсан түүх 100 хүрэхгүй жилийн өмнө билээ. 1945 оны чөлөөлөх дайнд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын олон ээжүүд хөвгүүдээ мордуулсан юм. Тэдгээр ээжүүддээ зориулав. Монгол улсын хил амгалан байг” хэмээн онцолжээ.
“Тэнгри” төсөл нь зөвхөн хөгжмийн бүтээл бус, өнгөрсөн түүхийг эргэн сануулах, эх оронч үзэл болон гэр бүлийн үнэ цэнийг уран бүтээлээр дамжуулан илэрхийлэх зорилготой томоохон санаачилга болж байна.