Дуртай уран бүтээлчийнхээ тоглолтын тасалбарыг амжилттай авч чадсан мөчид амьдрал гэнэт утгатай болчих шиг мэдрэмж төрдөг нь зүгээр нэг төсөөлөл биш бололтой. Ажлын ачаалал, тасрахгүй мессеж, дуусахгүй хугацаануудын дунд амьдарч байгаад “энэ амралтын өдөр тоглолттой” гэж бодох төдийд л өглөө эрт босох, түгжрэл дундуур явах хүртэл арай өөр болдог. Одоо энэ мэдрэмжийг сэтгэлзүйн судалгаа хүртэл баталж эхэлжээ. Сүүлийн үеийн судалгаагаар тоглолт үзэхийг амьдралынхаа тогтмол хэсэг болгох нь сэтгэлзүйн эрүүл мэндэд маш хүчтэй эерэг нөлөөтэй гэж дүгнэсэн байна.
Орчин үеийн хүмүүс алжаал тайлах, тайвшрах олон арга хайдаг. Массаж, йог, амттай хоол, аялал гээд юу эсийг туршиж үздэг. Гэвч сэтгэл санааг хамгийн хурдан өргөдөг нууц нь хөгжим, тайз, хамтын мэдрэмж дунд нуугдаж байж мэдэхээр байна.
Хоёр долоо хоногт нэг удаа тоглолт үзэхэд яагаад илүү аз жаргалтай болдог вэ
Лондонгийн Голдсмитсийн их сургуулийн сэтгэлзүйн чиглэлийн судалгаагаар хоёр долоо хоног тутамд нэг удаа амьд тоглолт үзэх нь хүний нийт аз жаргалын мэдрэмжийг 21 хувиар өсгөдөг гэж тогтоожээ. Энэ өсөлт нь зөвхөн тухайн мөчид баярлах мэдрэмж биш, харин өөрийгөө илүү үнэ цэнтэй мэдрэх, амьдралд илүү идэвхтэй хандах мэдрэмжтэй холбоотой байв.
Өөрөөр хэлбэл тоглолт үзэх нь түр зуурын зугаа биш, илүү өргөн хүрээний сэтгэлзүйн сэргэлт өгдөг гэсэн үг. Тайзан дээрх гэрэл, дуу, олон хүний хамт зэрэг дуулж, нэг хэмнэлд орж байгаа орчинд тархи дофаминыг илүү их ялгаруулдаг байна. Энэ нь тухайн орой дуусмагц алга болчихдог сэтгэл хөдлөл биш, дараагийн хэдэн өдөрт ч үргэлжилж чаддаг.
Сүүлийн жилүүдэд хүмүүс сэтгэцийн эрүүл мэнддээ илүү анхаардаг болсон. Тиймээс зарим хүн тоглолт үзэхийг зүгээр нэг сонирхол бус, сар бүрийн “сэтгэл санааны арчилгаа” гэж үзэх болсон нь гайхах зүйл биш юм. Заримдаа үнэтэй эд зүйл авахын оронд мартагдашгүй туршлагад мөнгө зарцуулах нь илүү удаан үргэлжлэх сэтгэл ханамж өгдөг байна.
Амьд хөгжим стресс тайлахад хэр их хугацаа хэрэгтэй вэ
Ихэнх хүн “байнга гурван цагийн тоглолт үзэх цаг хаанаас гарах вэ” гэж бодож магадгүй. Бас алдартай дуучдын тоглолтын тасалбар авах ч хэцүү байдаг. Харин энэ судалгааны хамгийн сонирхолтой хэсэг нь заавал том хэмжээний шоу хэрэггүй гэдгийг харуулсан явдал юм.
Стресс бууруулах нөлөө мэдрэхийн тулд амьд хөгжмийн орчинд ердөө 20 минут байхад хангалттай гэжээ. Тийм богино хугацаанд ч тархи тайвшрах дохио авч, стрессийн даавар болох кортизолын түвшин буурч эхэлдэг байна.
Өөрөөр хэлбэл заавал дэлхийн хэмжээний одын тоглолт хүлээх шаардлагагүй. Ажлын дараа амьд хөгжимтэй жижиг газар орох, амралтын орой жижиг live тоглолт үзэх, эсвэл хотын дотор зохион байгуулагдаж буй тайван хэмжээний хөгжмийн арга хэмжээнд оролцох төдийд ч сэтгэл санаанд мэдэгдэхүйц нөлөө өгч чадна. Богино хугацааны энэ “хөгжмийн цэнэглэлт” нь ажлын дарамтаас гарахад үнэхээр тус болдог.
Аз жаргалын эхлэл нь тоглолт биш, харин тасалбар авсан тэр мөч байж мэднэ
Заримдаа тоглолтын хамгийн аз жаргалтай мөч нь тайзан дээр биш, харин тасалбарын худалдан авалт амжилттай дууссан тэр агшин байдаг. Сэтгэлзүйд үүнийг “хүлээлтийн аз жаргал” гэж нэрлэдэг. Тасалбар авсан мөчөөс эхлээд тархи баяр баясгалангийн горимд орж эхэлдэг байна.
Тэр өдрийг хүлээж эхэлнэ. Хэнтэй явах, юу өмсөх, тоглолтын өмнө хаана хооллох, ямар зүйл авч очихоо төсөөлнө. Энэ бүх хүлээлт нь энгийн, заримдаа уйтгартай өдрүүдийн дунд тодорхой зорилго үүсгэж өгдөг.
Ажил дээр төвөгтэй дарга, ядаргаатай харилцагчтай тулгарсан ч “дахиад жаахан тэсчихвэл дараа долоо хоногт тоглолттой” гэж бодох нь л сөрөг мэдрэмжийг нэлээд зөөлрүүлж чаддаг. Ийм байдлаар хоёр долоо хоног тутам нэг удаа тоглолт төлөвлөх нь тархийг үргэлж бага ч гэсэн догдлол, хүлээлттэй байлгадаг байна.
Тоглолтын хамгийн хүчтэй зүйл нь хамтын мэдрэмж байдаг
“Яагаад заавал очиж үзэх хэрэгтэй гэж, сайн чихэвчээр сонсоход хангалтгүй гэж үү” гэсэн асуулт байнга гардаг. Гэхдээ хамгийн том ялгаа нь амьд тоглолтын “хамтын резонанс” буюу бөөнөөрөө нэг мэдрэмжийг мэдрэх байдаг.
Мянга, бүр хэдэн арван мянган танихгүй хүн нэг дуу дээр зэрэг дуулж, уйлж, хашхирч, баярлаж байгаа орчинд бий болдог тэр мэдрэмжийг ямар ч чихэвч өгч чаддаггүй. Тайзнаас ирэх басс долгион зөвхөн чихээр биш, биеэр дамжиж мэдрэгддэг. Ийм биеийн түвшний чичиргээ хүртэл сэтгэлийн түгшүүрийг бууруулж, хүний зүрхний хэмнэлийг хөгжмийн хэмнэлтэй ойртуулдаг байна.
Тэр мөчид хүмүүс албан тушаал, орлого, нийгмийн дүр төрхөө түр мартдаг. Бүгд зүгээр л хөгжимд дуртай хүмүүс болдог. Нийгмийн шошго, дарамтаа хэсэгхэн ч гэсэн тайлж чаддаг энэ мэдрэмж орчин үеийн хүнд маш хэрэгтэй “сэтгэлийн хүчилтөрөгч” болж өгдөг.
Тоглолт үзэхийн өмнөх бэлтгэл ч өөрөө аз жаргалын нэг хэсэг
Тоглолт бол зөвхөн очоод дуу сонсоод буцах үйл явдал биш. Түүнд бэлдэх процесс өөрөө баяр баясгалан төрүүлдэг. Ялангуяа хувцсаа сонгох, өөрийгөө илэрхийлэх боломж нь олон хүнд чухал мэдрэмж өгдөг.
Өдөр тутам ажил дээрээ хүн ихэвчлэн даруухан, дүрэмтэй, “зохистой” хувцасладаг. Харин тоглолтын үеэр илүү эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө байж болно. Энгийн үед өмсөж зүрхлэхгүй гялалзсан топ, содон будалт, онцгой гутал, өөрийн дуртай стилийг гаргах нь тархинд “одоо би эрх чөлөөтэй байна” гэсэн дохио өгдөг.
Сүүлийн үед ч тоглолтын зориулалттай атлаа загварлаг, хэрэгтэй хувцас, аксесуарын чиг хандлага нэмэгдэж байна. Олон халаастай өмд, удаан зогсоход эвтэйхэн атлаа загварлаг ултай гутал зэрэг нь тоглолтын туршлагыг бүр ч таатай болгодог. Өөрөөр хэлбэл тоглолт үзэх аз жаргал зөвхөн хөгжмөөс бус, түүнд бэлдэх бүх үйл явцаас бүтдэг байна.