Төв цэнгэлдэх хүрээлэнд түүхэн тоглолт болно
Монголын хөгжмийн ертөнцөд онцгой байр суурь эзлэх “The Hu” хамтлагийн “Чонон сүлд” тоглолт 2026 оны наймдугаар сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана.
Энэхүү тоглолт нь тус хамтлагийн 10 жилийн ойд зориулсан томоохон арга хэмжээ төдийгүй 2026 оны дэлхийг тойрох аялан тоглолтын албан ёсны эхлэл болох юм.
10 жилийн ой, шинэ аялан тоглолтын эхлэл
“The Hu” хамтлаг өнгөрсөн арван жилийн хугацаанд Монголын хөгжмийг дэлхийд таниулсан хамгийн амжилттай хамтлагуудын нэг болсон. Тэдний бүтээлүүд дэлхий даяар 900 саяд дөхсөн хандалт авч, Billboard чартад тэргүүлж, олон улсын томоохон тайз, төсөлд нэрээ үлдээсэн байна.
Тус хамтлаг “Star Wars”, “Metallica Blacklist” зэрэг дэлхийн хэмжээний төслүүдэд оролцож, мөн Glastonbury, Coachella зэрэг нэр хүндтэй наадмуудын тайзнаа тоглосон амжилттай.
Шинэ “HUN” цомог болон хит дуунууд эгшиглэнэ
“Чонон сүлд” тоглолтын үеэр “The Hu” хамтлаг шинэ “HUN” цомгийн бүтээлүүдээ сонсогчдод хүргэнэ. Үүнээс гадна дэлхий даяар танигдсан шилдэг дуунуудаа амьд тоглолтоор толилуулах юм.
Тоглолтын хөтөлбөрт “Wolf Totem”, “Yuve Yuve Yu”, “This Is Mongol”, “Black Thunder” зэрэг фэнүүдийн сайн мэдэх хит бүтээлүүд багтжээ.
“Чонон сүлд” зөвхөн ойн тоглолт биш
Энэхүү тоглолт нь зөвхөн хамтлагийн 10 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ биш, харин “The Hu” хамтлагийн дараагийн арван жилийн шинэ эхлэл гэж үзэгдэж байна.
Монголын язгуур хөгжмийн өнгө аяс, рок хөгжмийн хүчтэй хэмнэл, дэлхийн тайзнаа танигдсан өвөрмөц хэв маягийг нэгтгэсэн энэ тоглолт Монголын хөгжмийн түүхэнд үлдэх томоохон үйл явдал болох хүлээлттэй байна.
Ерөнхий мэдээлэл
Тоглолт: WOLF TOTEM – THE HU World Premiere
Огноо: 2026.08.08
Байршил: Төв цэнгэлдэх хүрээлэн
Үргэлжлэх хугацаа: 5 цаг
Насны ангилал: 18+
Тасалбарын үнэ
Энгийн буюу GA тасалбар 99,000₮-өөс эхэлж байна. Chillzone тасалбар 169,000₮, Fan Zone тасалбар 199,000₮ үнэтэй аж.
Мөн гурван хүний GA багц болох “Морьтон” тасалбар 270,000₮, 10 хүний GA багц болох “Аравт” тасалбар 900,000₮ үнэтэй байна. Харин VIP тасалбар 699,000₮-өөр худалдаалагдаж байна.
Тасалбар болон дэлгэрэнгүй мэдээллийг https://linktr.ee/thewolftotem хаягаар авах боломжтой.