Нүүр хуудас Үйл явдал ба зарБ.Энх-Оргил, Эльбек Алышов нарын аваргын бүсний тулаан өнөөдөр болно

Б.Энх-Оргил, Эльбек Алышов нарын аваргын бүсний тулаан өнөөдөр болно

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

ONE Championship-ийн оргил тулаан 21:30 цагт эхэлнэ

Мэргэжлийн холимог тулааны дэлхийн томоохон холбоодын нэг ONE Championship-ийн ээлжит тулааны өдөрлөг өнөөдөр болно. Энэ удаагийн арга хэмжээний гол тулаанд бантам жингийн аварга Б.Энх-Оргил болон түүний бүсний төлөө өрсөлдөх Эльбек Алышов нар хүч үзэхээр байна.

Хоёр тамирчны тулаан өнөөдөр 21:30 цагаас эхлэх хуваарьтай.

Б.Энх-Оргил өрсөлдөгчийнхөө талаар юу хэлэв

Тулааны өмнөх ярилцлагадаа Б.Энх-Оргил өрсөлдөгч Эльбек Алышовын өмнөх амжилт, тулалдсан өрсөлдөгчдийг онцолжээ.

Тэрбээр “Өрсөлдөгч маань өмнө нь Пакатив болон Бумина-ан зэрэг миний өрсөлдөгч нартай тулалдсан. Би тэдэнтэй гурван үе тулалдсан бол тэр ялимгүй эрт дуусгасан байна лээ. Тэгэхээр тэр хүчтэй гэсэн үг. Өмнөх тулаануудын үр дүнг харвал надаас ч хүчтэй юм шиг” хэмээн ярьсан байна.

37 настай Б.Энх-Оргил өмнө нь Фабрисио Андрадег ялж, аваргын бүсийг хүртсэн. Тэрээр сүүлийн дөрвөн тулаандаа дараалан ялалт байгуулж, мэргэжлийн замналаа 14 ялалт, 3 ялагдалтайгаар үргэлжлүүлж байна.

“Тэр том босс биш”

Б.Энх-Оргил өрсөлдөгчөө хүндэлж байгаа ч энэ тулааныг өөрийн замналын дараагийн нэгэн том сорилт гэж харж буйгаа илэрхийлжээ.

Тэрбээр “Тэр том босс биш ээ. Би ирээдүйд түүнээс ч хүчтэй өрсөлдөгчидтэй тулалдана. Би үүнийг өдөр бүр л хийдэг. Нэг л зүйлийг баттай хэлэхэд өрсөлдөгч бүр маань л надад учрыг нь олох шинэ хэв маягийг харуулдаг. Би түүн шиг ур чадвартай өрсөлдөгчтэй өмнө нь тулалдаж байгаагүй” гэжээ.

Мөн аварга өрсөлдөгчийнхөө тулааны хэв маягийг судалж, сул талыг нь олсон гэдгээ ярьсан байна.

Эльбек Алышов гэр бүлдээ туслах зорилготой тулаанд орно

Орос-азербайжан гаралтай Эльбек Алышовын хувьд энэ тулаан зөвхөн аваргын бүсний төлөөх боломж бус, гэр бүлдээ санхүүгийн дэмжлэг үзүүлэх том зорилготой холбоотой аж.

Тэрбээр “Надад мөрөөдөл бий. Манай гэр бүлд байшин байхгүй. Би гэр бүлдээ, надад ойр хүмүүстээ тусалмаар байна. Зөвхөн гэр бүлдээ ч биш хүмүүст тусалмаар байна” хэмээн ярьжээ.

27 настай Алышов одоогоор мэргэжлийн замналдаа нэг ч ялагдалгүй явж байна.

“ONE Championship миний амьдралыг өөрчлөх боломж өгсөн”

Эльбек Алышов аваргын бүсний төлөө тулалдана гэж өмнө нь төсөөлөөгүй байсан тухайгаа мөн хэлжээ.

Тэрбээр “Үнэндээ аваргын бүсний төлөө тулалдана гэж төсөөлөөгүй. ONE Championship үнэхээр миний болон гэр бүлийн минь амьдралыг өөрчлөх үнэ цэнтэй, гайхалтай боломжийг надад олгосон. Би энэ мөчийн төлөө л олон жил зүтгэсэн” гэсэн байна.

Өнөөдрийн тулаан хоёр тамирчны хувьд чухал сорилт болно

Б.Энх-Оргилын хувьд энэ нь аваргын бүсээ хамгаалах чухал тулаан бол Эльбек Алышовын хувьд ONE Championship-д өөрийгөө батлах том боломж юм.

Тулааны үр дүн өнөөдөр орой тодрох бөгөөд хоёр тамирчин хоёулаа өөр өөр зорилго, өндөр хүлээлттэйгээр торонд гарах гэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх